• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-05-29 12:53:05
Үзсэн: 681

МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-05-29 12:53:05 Үзсэн: 681



          Эрхэм генерал, офицер, ахлагч нар аа, Цэнхэр дуулгатан-энхийг сахиулагчид аа.

    Даян дэлхийн энхийн үйл хэрэгт жинтэй хувь нэмэр оруулж, эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж байгаа эрхэм Та бүхэнд Олон улсын энхийг сахиулагчдын өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн Зөвлөлөөс Израйл Арабын хоорондын зэвсэгт мөргөлдөөнийг түр зогсоох, гэрээний хэрэгжилтийг нь хангах зорилготойгоор анхны энхийг сахиулах ажиллагааг 1948 оны тавдугаар сарын 29-ний өдөр эхлүүлсэн түүхтэй бөгөөд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолоор жил бүрийн энэ өдрийг “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр” болгон тэмдэглэдэг уламжлал тогтсон юм.

    Манай орны хувьд Засгийн газрын 2012 оны 140 дүгээр тогтоолын дагуу энэхүү түүхэн өдрийг энхийг сахиулагчдынхаа амжилт ололт, алдар гавьяаг алдаршуулан сурталчлах, энхийг дэмжих ажиллагааны үүрэг, оролцоо, ач холбогдлыг түгээн дэлгэрүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор жил бүр ёслон тэмдэглэж байна.

     Монгол Улс энхийг эрхэмлэсэн төрийн гадаад бодлогыг тууштай баримтлан, эх орныхоо тусгаар тогтнолыг улс төр-дипломатын аргаар хангах хүрээнд даян дэлхийн энхийн төлөө 2002 онд НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд анхны цэргийн ажиглагч офицерыг, 2003 онд Бүгд Найрамдах Ирак Улсад явагдсан “Иракийн эрх чөлөө”, Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдсан “Тогтвортой эрх чөлөө” ажиллагаанд цэргийн багаа илгээснээс хойш эдүгээ 22000 гаруй энхийг сахиулагч цэргийн алба хаагч үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэж, Монгол цэргийн суу алдрыг мандуулсаар байгаа билээ.

    Өнөөдрийн байдлаар Монгол Улсын Зэвсэгт хүчнээс 900 орчим цэргийн алба хаагч Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Бүгд Найрамдах Ливан Улс, Бүгд Найрамдах Кипр зэрэг улсад явагдаж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд үүргээ амжилттай гүйцэтгэж байна. Энэхүү түүхэн тэмдэглэлт өдрийг тохиолдуулан энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид оролцох эрх зүйн үндсийг тавьж, удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээг амжилттай хэрэгжүүлсэн төр засгийн болон Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний удирдлага, эрхэм генерал, офицерууд, анхдагчдынхаа түүхэн гавьяаг онцлох учиртай бөгөөд Та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

    Мөн байгаль, цаг уурын хүнд нөхцөл болоод цагийн байдлын амаргүй эрсдэлийг үл ажран “Монгол цэрэг” хэмээх эрхэм нэр хүндийг эрхэмлэн дээдлэхийн зэрэгцээ цэргийн хэргийн өндөр ур чадвар, ажиллагааны дадлага, туршлага, сахилга бат, тэсвэр хатуужлаараа бусад орны цэргийн алба хаагчдад үлгэр дуурайлал үзүүлж ирсэн энхийг сахиулагч Та бүхнээр ямагт бахархаж явдгаа дахин илэрхийлье. Энхийг сахиулагчдын баярыг тэмдэглэж буй энэхүү түүхэн мөчид Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгыг батлаад байгааг онцлон дуулгахыг хүсэж байна.

    Ингэснээр Монгол Улсын Зэвсэгт хүчний Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд оролцох хууль, эрх зүйн орчин боловсронгуй болж, энхийг сахиулагчдын оролцоог нэмэгдүүлэх, тэдний эрх зүйн баталгааг дээшлүүлэх, мэргэжлийн бэлтгэлийг өндөржүүлэх, үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой хууль болсон юм. Манай цэргийн алба хаагчид шинэчлэн батлагдсан уг хуулийн хэрэгжилтийг хангаж, дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нэр хүндтэй бөгөөд өндөр хариуцлагатай үүргийг цэргийн хэргийн мэдлэг, дадлага, ур чадвартаа тулгуурлан улам бүр амжилттай гүйцэтгэнэ гэдэгт итгэл төгс байна.

    Энэ мөчид дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэж буй энхийг сахиулагчид Та бүхэндээ болон гэр бүл, үр хүүхдүүд, төрөл төрөгсөд, хамт олонд тань ажлын арвин их амжилт, аз жаргал, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол цэргийн сүр хүч, сүлд хийморь, энхийг сахиулагчдын алдар гавьяа,

амжилт ололт үеийн үед мандан бадрах болтугай!

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА ХОШУУЧ ГЕНЕРАЛ С.ГАНБЯМБА