• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБЯМБА МОНГОЛ УЛС АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛЖ, БҮГД НАЙРАМДАХ УЛСАА ТУНХАГЛАН ЗАРЛАСНЫ ТҮҮХТ 98 ЖИЛИЙН ОЙН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2022-11-25 16:51:40
Үзсэн: 206

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБЯМБА МОНГОЛ УЛС АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛЖ, БҮГД НАЙРАМДАХ УЛСАА ТУНХАГЛАН ЗАРЛАСНЫ ТҮҮХТ 98 ЖИЛИЙН ОЙН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2022-11-25 16:51:40 Үзсэн: 206



         Эрхэм генерал, офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, ажилтан албан хаагчид, хилийн чанадад үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчид, эх орноо батлан хамгаалах үйлсэд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид Та бүхэндээ манай улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхаглан зарласны түүхт 98 жилийн ойн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлье.

         Өнгөрсөн хорьдугаар зуун бол монголчууд бидний хувьд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулах, бататган бэхжүүлэхийн төлөөх тэмцлийн зуун байсан бөгөөд монголын нийт ард түмний оролцоо, дэмжлэгтэйгээр 1911 онд манай улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, 1921 оны Ардын хувьсгалаар тэрхүү тусгаар тогтнолоо улам баталгаажуулсан түүхтэй.

         Үүний үр дүнд манай улс дэлхийн дэвшилтэт хүн төрөлхтний хөгжил дэвшлийн замд эргэлт буцалтгүйгээр орж, Хаант засгаас Бүгд Найрамдах засаглалд шилжин, хамжлагат ёсыг халсан анхдугаар Үндсэн хуулийг 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр баталж байсан юм.

        Манай ард түмэн, түүний дотор Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн энэхүү түүхэн өдрийг “Бүгд найрамдах улс тунхагласан өдөр” хэмээн жил бүр ёслон тэмдэглэсээр ирсэн бахдам уламжлалтай бөгөөд өөрийн орны түүх, өв, соёлыг сурталчлан дэлгэрүүлэх, ахмад үеийнхний баатарлаг, дайчин уламжлал, баялаг туршлагыг нь иргэд, хүүхэд, залуучуудад өвлүүлэх, тэдэнд эх оронч үзлийг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх чиглэлээр олон талт ажил, арга хэмжээг хэрэгжүүлсээр ирсэн нь үр дүнгээ өгсөөр байна.

         Зэвсэгт хүчний удирдлага, бие бүрэлдэхүүн энэ өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачилсан хүүхэд, залуучуудад тусгаар тогтнол, эрх чөлөөний үнэ цэнийг ойлгуулах, эх орноороо болон монгол хүн болж төрснөөрөө бахархах, эх байгаль, түүх, соёлоо хайрлан хамгаалах ухамсартай, улс орны хөгжилд хүн бүрийн оролцоо чухал болохыг мэдрүүлэх үндсэн зорилго бүхий “Бидний бахархал” төслийг хэрэгжүүлж байгаа нь цаг үеэ олсон бүтээлч ажлын нэг болж буйг баярын энэ өдөр онцлон тэмдэглэе.

         Мөн бид бүхэн 2022 оны намрын ээлжит цэрэг татлагаар Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад хуваарилагдан ирж, цэргийн зохих шатны сургалт бэлтгэлд хамрагдсан шинэ дайчдын Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагааг энэхүү түүхэн тэмдэглэлт ойн баярыг тохиолдуулан зохион байгуулж байна. Иймээс “Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ үнэнчээр биелүүлж, өвөг дээдсийнхээ ариун гал голомт болсон Монгол Улсынхаа халдашгүй дархан байдлыг амь бие үл хайрлан батлан хамгаалахаа эх орон, төр, ард түмэндээ батлан тангараглаж буй Та бүхэнд баяр хүргэж, цаашдын албанд нь өндөр амжилтыг хүсье.

          “Бүгд найрамдах улс тунхагласан өдөр”-ийг тохиолдуулан бэлтгэл, чөлөөнд байгаа генерал, офицер, ахлагч, ахмад ажилтнууд болоод Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнийхээ цаашдын ажил, албанд арвин их амжилт, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг бэлгэдэн ерөөе!

Монгол цэргийн яруу алдар, сүр жавхаа үеийн үед мандан бадрах болтугай!

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА

БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБЯМБА

2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр

Холбоотой мэдээ
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-12-31 08:45:19 Үзсэн: 600
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-08-15 14:10:16 Үзсэн: 345
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-05-29 12:53:05 Үзсэн: 681
БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-03-18 14:08:20 Үзсэн: 307
ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2023-12-31 09:00:54 Үзсэн: 258