
Эрхэм генерал, офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, ажилтан албан хаагчид, хилийн чанадад үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчид, цэргийн алба хаагчид, эх орноо батлан хамгаалах үйлсэд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид Та бүхэнд манай улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхаглан зарласны 97 жилийн ойн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлье.
Монголчууд бид төрт улс, төрт ёсыг үүсгэн байгуулсан цагаас эхлэн эх нутаг, эх орныхоо туурга тусгаар, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын төлөө баатарлагаар тэмцэж ирсэн бөгөөд өнгөрсөн хорьдугаар зуун бол бидний хувьд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулах, дэлхий дахинд өөрийн гэсэн нэр хүнд, байр суурь, орон зайгаа олж авах, бэхжүүлэхийн төлөөх аугаа тэмцлийн зуун байлаа. Энэ үед монголын ард түмний тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөөх тэмцэл, хүчин чармайлтын үр дүнд 1911 онд манай улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, улмаар 1921 оны ардын хувьсгалаар тусгаар тогтнолоо баталгаажуулсан түүхтэй.
Түүхэн тэр цагаас манай орон хөгжил дэвшлийн шинэ замд эргэлт буцалтгүй орсны дотор өдгөөгөөс 97 жилийн тэртээ Анхдугаар их хурлаа зохион байгуулж, уг хурлаар Хаант засгаас Бүгд Найрамдах засаглалд шилжин, хамжлагат ёсыг халсан анхдугаар Үндсэн хуулийг 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр баталж байлаа.
Манай орны өнгөрсөн болоод өнөөгийн зууны хөгжил дэвшлийн түүх нь Ардын журамт цэргээс эхлэлтэй орчин үеийн Зэвсэгт хүчний түүхтэй салшгүй холбоотой бөгөөд улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа бататган хамгаалах, ард олныг бичиг үсэгт сургах, эрүүлийг хамгаалах, орчин үеийн соёл, урлаг, боловсрол, шинжлэх ухаан, анагаах ухааны ололтыг нэвтрүүлэх, аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх, их бүтээн байгуулалтад оролцох зэрэг бахдам амжилтаар улам бүр баяжиж ирсэн юм.
Тэрхүү түүх, дайчин замнал, ололт амжилтыг бататган хөгжүүлж буй Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн хуулиар хүлээсэн үндсэн болон бусад чиг үүргүүдийг амжилттай гүйцэтгэн, улс орныхоо стратегийн өндөр ач холбогдолтой томоохон бүтээн байгуулалтад манлайлах үүрэгтэй оролцож, даян дэлхийн энхийн үйлсэд бодит хувь нэмрээ оруулсны үр дүнд монгол цэргийн шилдэг уламжлалаа шинэ агуулга, хэлбэрээр баяжуулсаар байгааг баярын энэ өдөр онцлон тэмдэглэе.
Өнгөрсөн хугацаанд бид бүхэн Бүгд Найрамдах Улсыг тунхагласны ойн баярыг жил бүр тэмдэглэсээр ирсэн бөгөөд энэхүү түүхт ойн баярыг угтаж өөрийн орны түүх, өв, соёлыг сурталчлан дэлгэрүүлэх, ахмад үеийнхний баатарлаг, дайчин уламжлал, баялаг туршлагыг нь иргэд, хүүхэд, залуучуудад өвлүүлэх, тэдэнд эх оронч үзлийг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх чиглэлээр олон талт ажил, арга хэмжээг хэрэгжүүлсээр ирсэн юм.
Цаашид Зэвсэгт хүчний төрлийн цэрэг, нэгтгэл, анги, салбар, бие бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх чадавх, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, цэргийн сургалт бэлтгэлийг эрчимжүүлэх, ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг сайжруулах, цэргийн албыг дүрмээр хэвшүүлэх, материал, техникийн хангалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, цэргийн шинэчлэлийн бодлогод шинжлэх ухаан, технологи, инновацыг нэвтрүүлэх, хөгжүүлэх үйл хэрэгт бодит хувь нэмрээ оруулах болно.
Энэхүү түүхэн тэмдэглэлт ойн баярыг тохиолдуулан Та бүхэндээ дахин баярын мэндчилгээг дэвшүүлж, ажлын арвин их амжилт, амьдралд тань аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг бэлгэдэн ерөөе!
Түүнчлэн энэ оны намрын ээлжит цэрэг татлагаар Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад хуваарилагдан ирж, цэргийн анхан шатны сургалтад бүрэн хамрагдсанаар эх орондоо үнэнчийн андгай болсон Цэргийн тангараг өргөсөн байлдагч нартаа баяр хүргэж, албанд нь өндөр амжилтыг хүсье.
Монгол цэргийн яруу алдар, сүр хүч, сүлд хийморь үеийн үед мандан бадрах болтугай!
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА,
ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ
2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр