• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА, ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН 100 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2021-11-12 10:33:15
Үзсэн: 130

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА, ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН 100 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2021-11-12 10:33:15 Үзсэн: 130



      Байлдааны гавьяаны улаан тугийн болон “Алтан гадас” одонт Цэргийн төв эмнэлгийн үе үеийн удирдлага, ахмад ажилтнууд, өнөөгийн түүхийн хуудсыг баяжуулан, иргэд, цэргийн алба хаагчдынхаа эрүүл мэндийг хамгаалах нэн хариуцлагатай албанд зүтгэж яваа эмч, сувилагч, нийт ажилтнууд, эрхэм офицер, ахлагч Та бүхэнд тус эмнэлгийн нэгэн зууны түүхт ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье!

       Түүх сөхвөөс, 1921 оны 8 дугаар 15-ны өдөр Жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар “Өвчтөнийг эмчлэх хороо”-г байгуулах тухай Бүх цэргийн зөвлөлийн 5 дугаар хурлын тогтоол гарч, манай улсад шинжлэх ухааны эмнэлэг үүсэх үндэс суурь тавигдсанаар өнөөгийн Цэргийн төв эмнэлэг байгуулагдсан гэж үздэг юм.

       Ийнхүү жанжин Д.Сүхбаатарын шууд удирдлага, санаачилгаар байгуулагдсан Цэргийн эмнэлгийг 1921-1940 онд өргөжүүлэн хөгжүүлсний үр дүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх болон эмнэлгийн мэргэжлээр үндэсний боловсон хүчнийг бэлтгэхэд нэн чухал үүрэг гүйцэтгэснийг түүхийн алтан хуудас гэрчилж байна. Тодруулбал, 1928 онд Цэргийн лазаретийг түшиглэн санитарийн болон эм найруулагчийн курсийг нээсэн нь Монгол Улсад эрүүл мэндийн салбарын үндэсний боловсон хүчнийг бэлтгэх анхны эх үүсвэр байсныг нь тодотгох учиртай.

       Байлдааны аранзал улаан тугандаа алдар гавьяа, амжилт бүтээлийн илэрхийлэл болсон хос одонг гялалзуулсан тус эмнэлгийн бүтээлч хамт олон өнгөрсөн нэгэн зууны туршид төр, засаг, цэргийн дээд удирдлагаас хүлээлгэсэн үүргийг цаг ямагт нэр төртэй гүйцэтгэж ирсэн бөгөөд 1921 оны ардын хувьсгалын ололт амжилтыг бататган бэхжүүлэх үйлсэд бодит хувь нэмэр оруулан, 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож, олон арван цэрэг эрсийг үхлийн аюулаас аврах, эмчлэн сувилах үүргийг амжилттай гүйцэтгэн, түүхэн гавьяа байгуулсныг баярын энэ өдөр онцлон тэмдэглэж байна.

        Энэ хугацаанд тус эмнэлгийн бүтээлч хамт олноос өөрийн эх орондоо төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ардын болон гавьяат цолтнууд, эрдэмтэн, профессорууд олноор төрөн гарсны зэрэгцээ хөдөлмөр зүтгэл, мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадвараараа бусдыгаа үлгэрлэн дагуулсан манлайлагч ажилтнуудын бүтээлч үйл ажиллагаагаар нь бид бүхэн ямагт бахархаж явдгаа илэрхийлье.

       Тэрчлэн дэлхий дахинаа энх тайван, тогтвортой байдлыг хангах үйл хэрэгт цэргийн эмч, мэргэжилтнүүд манлайлан оролцож, өнгөрсөн 20 орчим жилийн хугацаанд энхийг дэмжих ажиллагаанд үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн цэргийн алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах үйл хэрэгт мэргэжлийн өндөр ур чадвараа батлан харуулахын хамт Судан Улсад цэргийн хээрийн хоёрдугаар шатны эмнэлгийг дэлгэн, НҮБ-ын ажилтнууд, орон нутгийн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг амжилттай үзүүлсэн амжилтыг нь төр, засгийн болон Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний удирдлага, хамт олон өндрөөр үнэлж байдаг юм.

       Цаашид нэгэн шинэ зууны гараан дээр Цэргийн төв эмнэлгийнхээ түүх, дайчин уламжлалаа баяжуулан, эмнэлгийн тусламж үйлчилгээндээ орчин үеийн оношилгоо, эмчилгээний арга, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэн, Монгол Улсын иргэд, Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн, тэтгэвэр, чөлөөнд гарсан ахмадууд, дэлхийн халуун цэгт энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй цэргийн алба хаагчид, НҮБ-ын ажилтнууд, дэлхийн халуун цэг дэх орон нутгийн иргэдэд эмнэлгийн төрөлжсөн тусламж үйлчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлэх чиглэлээр улам бүр идэвх санаачилгатай ажиллана гэдэгт итгэл төгс байна.

       Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100, Батлан хамгаалах яамны 110, орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ой давхацсан онцлог жил тохиож буй Цэргийн төв эмнэлгийн түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Та бүхэндээ дахин баярын мэндчилгээг дэвшүүлж, ажлын арвин их амжилт, амьдралын сайн сайхан бүхнийг бэлгэдэн ерөөе.

Монгол цэргийн яруу алдар, сүр хүч, сүлд хийморь мандан бадрах болтугай!

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА,

ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ

Холбоотой мэдээ
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-12-31 08:45:19 Үзсэн: 600
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-08-15 14:10:16 Үзсэн: 345
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-05-29 12:53:05 Үзсэн: 681
БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-03-18 14:08:20 Үзсэн: 307
ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2023-12-31 09:00:54 Үзсэн: 258