
Цэргийн зөвлөлийн хурлын тогтоолоор Нийслэл хүрээний цэргийн комендантын бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөн, цагдан сэргийлэхийн үүрэгт ажлаас салгаж Цэргийн Явдлын Яамны шууд удирдлагад Нийслэл Улаанбаатар хотын “Цэргийн комендант”- ыг байгуулснаар цэргийн цагдаагийн суурь тавигдаж саяхныг хүртэл энэ нэршлээрээ олон нийтэд танигдаж үүргээ гүйцэтгэж иржээ. Олон улсын цэрэг-аюулгүй байдлын орчинд болж буй үйл явдлууд, Зэвсэгт хүчний хөгжил, цаг үеийн өөрчлөлтөөс шалтгаалан хуучин нэршил, гүйцэтгэх үүрэг нь өөрчлөгдөн олон улсын жишигт нийцсэн “Цэргийн цагдаа”-гийн салбар, нэгжийг байгуулж гүйцэтгэх үүрэг, цаашдын чиг хандлагыг тодорхойлох шаардлага бий болоод байна. ЗХЖШ-ын даргын 2021 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн А/9 дүгээр тушаалаар “Цэргийн цагдаа-2030” хөгжлийн хөтөлбөрийг баталсан. Тус хөтөлбөрт Цэргийн цагдаагийн чиг үүргийг Монгол Улсын цэргийн нийтлэг дүрэмд дэлгэрэнгүй тусган, хууль эрх зүйн орчинг тодорхой болгож, цаашид Цэргийн цагдаа нь тайван цагийн бүтэц, зохион байгуулалтаараа хууль, тогтоомж, цэргийн дүрмүүдийг мөрдүүлэх, цэргийн хүрээ, хотхон, анги салбар, цэргийн багт цэргийн ёс зүй, сахилга, дэг журмыг сахиулж, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, цэргийн аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх байнгын бэлтгэлтэй, олон улсын жишигт нийцсэн мэргэжлийн алба болж бэхжинэ.
Мөн хуулиар хүлээсэн болон тусгай үүрэг гүйцэтгэх, олон улсын энхийг дэмжих ажиллагаанд бие даан оролцож шаардлагатай үед үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий бусад байгууллагуудын үйл ажиллагааг дэмжин ажиллах нэгж болон өргөжнө гэж тодорхойлсон. Ингэснээр Цэргийн цагдаа нь төрийн цэргийн байгууллагын хэмжээнд гэмт хэрэг, осол зөрчлөөс сэргийлэх, сахилга, дэг журмыг бэхжүүлэх, Монгол Улсын хууль, Цэргийн нийтлэг дүрмүүдийн заалтуудыг цэргийн хүрээ, хотхон, анги, байгууллага, салбарын өдөр тутмын үйл ажиллагаанд хэвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүргийг гүйцэтгэх юм. Цэргийн цагдаа нь бэхжсэнээр цэргийн хүрээ, хотхон, анги салбар, цэргийн багийн үйл ажиллагааг хэвийн явуулахад дэмжлэг үзүүлж гэмт хэрэг, осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цэргийн байрлал бусад тусгай объектуудын харуул хамгаалалт, түүний шалган нэвтрүүлэх үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд гүйцэтгэх, цэргийн цувааны аюулгүй байдлыг хангах салбар, нэгжтэй болж улмаар энхийг дэмжих ажиллагаанд бие даан оролцож хүмүүнлэгийн үйл ажиллагааг гүйцэтгэх, бусад улсын цэргийн цагдаатай хамтран ажиллах, сургалт дадлага зохион байгуулах, харилцан туршлага солилцох боломж нээгдэнэ. Цэргийн цагдаа нь Үндэсний аюулгүй байдлыг хангахад Зэвсэгт хүчнээс хуульд заасны дагуу Цагдаагийн байгууллагад дэмжлэг үзүүлэх, үүссэн цагийн байдлыг даамжруулахгүйгээр хяналтдаа байлгаж, хэв журам сахиулахад нэн чухал салбар болох нь олон улсын практик, энхийг дэмжих ажиллагааны туршлага, сургамжаас харагдаж байна. Улмаар Цэргийн цагдаагийн үйл ажиллагаа жигдэрснээр Зэвсэгт хүчинд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, осол зөрчлийн тоо багасаж, иргэн-цэргийн харилцаанд Цэргийн цагдаа холбогч үүрэг гүйцэтгэж, Зэвсэгт хүчний нийгмийн хариуцлага, эрх зүйн соёлд шинэ төлөвшил бий болох юм. Цэргийн цагдаагийн алба хаагчдад тавигдах шаардлагыг шинээр тодорхойлж, Зэвсэгт хүчний офицер ахлагч, цэргийн гэрээт албаны түрүүч, байлдагч, хугацаат цэргийн алба хаагчид тэмүүлэн ажиллах алба болж, цаашид Цэргийн цагдаа нь Монгол Улсын Зэвсэгт хүчний нэр хүндийг улс орондоо төдийгүй олон улсын хэмжээнд өндөрт өргөж, эх орон, Зэвсэгт хүчин, Цэргийн цагдаагийн албаараа бахархах итгэл үнэмшилтэй, ёс суртахуун, бие бялдрын өндөр төлөвшилтэй, шилдэг алба хаагчдаар эгнээгээ бүрдүүлсэн мэргэжлийн хууль, дэг журам сахиулах алба болж хөгжих ирээдүй ойрхон байна.
ЗХЖШ-ЫН ЦЭРГИЙН АЛБАНЫ ХЭЛТЭС