• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2021-02-11 12:08:59
Үзсэн: 189

МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2021-02-11 12:08:59 Үзсэн: 189



Эрхэм генерал, офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, ажилтан албан хаагч, хилийн чанадад үүргээ нэр төртэй гүйцэтгэж буй энхийг сахиулагч, эх орноо батлан хамгаалах үйлсэд хөдөлмөр зүтгэл, залуу насаа зориулсан бэлтгэл болон чөлөөнд байгаа үе үеийн ахмад дайчид Та бүхэндээ билгийн тооллын XYII жарны “Цөөвөр” хэмээгч Цагаагчин үхэр жилийн сар шинийн баярын мэндийг дэвшүүлье!

Улиран одож буй “Хотол төгс” хэмээгч хулгана жил нь Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүний хувьд дэвшүүлсэн зорилго, зорилтуудаа бүрэн дүүрэн хэрэгжүүлсэн, ажил үйлс ундарсан, амжилт ололт бялхсан бүтээлч хөдөлмөрийн түүхэн он байснаараа онцлог юм. Тодруулбал, Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар “Зэвсэгт хүчин нь Хуурай замын цэрэг, агаарын цэрэг, барилга-инженерийн цэрэг, кибер аюулгүй байдлын болон тусгай хүчний цэргээс бүрдэнэ” гэдгийг хуульчилсан нь онцлох ач холбогдолтой шийдвэр байлаа.

Тэрчлэн монгол цэргийн нэр хүндийг дэлхийн тавцанд өндөрт өргөх, гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа бие бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадвар, үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч буйн зэрэгцээ Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 километр төмөр замын бүтээн байгуулалтын ажилд манлайлан оролцож, үүргээ амжилттай гүйцэтгэлээ.

Бид удахгүй Ардын журамт цэргийн анхны ялалтаас түүчээлэн алдар гавьяа, амжилт бүтээлийн түүхээр мөнхөрсөн орчин цагийн Зэвсэгт хүчнийхээ түүхт 100 жилийн ойг ёслон тэмдэглэх болно. Энэхүү түүхт ойг бид бүхэн эх орноо хайрлан дээдлэгч монгол хүмүүн бүрийн баяр, эрх чөлөөт орныхоо тусгаар тогтнолын төлөө амь биеэ үл хайрлан тэмцэж, улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө залуу халуун насаа зориулсан үе үеийн эх орончид, тэдний залгамж халаа болсон өнөөгийн цэрэг эрсийн түүх, дайчин уламжлал, бахархлын баяр болгон улс орон даяар өргөн тэмдэглэх зорилгыг дэвшүүлэн ажиллаж байна.

Монгол түмний уламжлалт их баяр болсон сар шинийн баяраар Та бид буян заяа нь тэгш дэлгэрсэн буурлууд, ахмадуудаа хүндэтгэн дээдэлж, аав, ээж, ахан дүүсийнхээ амар мэндийг асуун мэндчилж, амны бэлгэ-ашдын ерөөлийг нь бахдан сонсож, бахархан биширдэг эрхэм заншилтай.

Цар тахлын өнөөгийн нөхцөлд монгол хүмүүн бүрээс сахилга бат, хувийн болон нийтийн ариун цэвэр, халдвар хамгааллын хатуу чанд дэглэмийг нэн хариуцлагатайгаар шаардаж буй өнөө жилийн хувьд Улсын онцгой комисс, төр, засгийнхаа шийдвэрийг эрхэмлэн хүндэтгэж, холбоо, мэдээллийн технологи, цахим сүлжээг ашиглан зөвхөн өрх гэрийн хүрээнд өндөр соёлтойгоор уламжлалт баяраа тэмдэглэнэ гэдэгт итгэл төгс байна.

Та бүхний санасан бүхэн сэтгэлчлэн биелж, эрхэлсэн ажил үйлс тань амжилтаар дүүрэн, аз жаргал, инээд баяслаар бялхаж, айл хотлоороо амар түвшин байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ

Холбоотой мэдээ
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-12-31 08:45:19 Үзсэн: 600
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-08-15 14:10:16 Үзсэн: 345
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-05-29 12:53:05 Үзсэн: 681
БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-03-18 14:08:20 Үзсэн: 307
ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2023-12-31 09:00:54 Үзсэн: 258