• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2021-02-11 12:01:32
Үзсэн: 162

МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2021-02-11 12:01:32 Үзсэн: 162



Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалахад залуу нас, оюун ухаан, хөдөлмөр бүтээлээ зориулсан ахмад дайчид аа, батлан хамгаалах салбарын нийт бие бүрэлдэхүүн, генерал, офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагчид аа, ажилтан, албан хаагчид аа, Дэлхийн халуун цэгүүдэд үүргээ нэр төртэй гүйцэтгэж яваа энхийг сахиулагчид аа!

Та бүхэндээ Билгийн тооллын XVII жарны “Цагаагчин" үхэр жилийн Сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье!

Улиран одож буй хулгана жил бидний хувьд хуулиар хүлээсэн үндсэн үүргээ биелүүлэхийн сацуу салбарынхаа эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэх, эх орныхоо бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулах, иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах, бүх шатанд сахилга, хариуцлагыг бэхжүүлэх, алба хаагчдынхаа нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх зэрэг томоохон ажил, арга хэмжээнүүдийг амжилттай хэрэгжүүлсэн ололт, амжилтаар арвин жил байлаа.

Салбарын 2020-2024 онд хэрэгжүүлэх бодлого, зорилт, үйл ажиллагааг тодорхойлж, эрх зүйн орчныг төгөлдөржүүлэх хүрээнд Улсын Их Хурлын намрын чуулганаар “Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулиа батлууллаа.

Уг хууль батлагдсанаар улс орны бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож буй цэргийн алба хаагчдын нийгмийн хамгаалал сайжирч, цалин орлого нэмэгдэхийн зэрэгцээ Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн шинэ эх үүсвэрүүд бий болж, тодорхой хөрөнгө төвлөрүүлэх замаар Зэвсэгт хүчний өмнө тулгамдаад буй зэвсэглэл, техникийн шинэчлэлийг хийх, бэлэн байдал, сургалт бэлтгэлийн түвшнийг дээшлүүлэх, бие бүрэлдэхүүний нийгмийн хамгааллын асуудлыг цогцоор нь шийдвэрлэх боломж, нөхцөл нэмэгдэж байгаагаараа чухал ач холбогдолтой юм.

Мөн Монгол Улсын Зэвсэгт хүчинд Тусгай хүчний цэргийн командлал, Кибер аюулгүй байдлын цэргийн командлал, Барилга-инженерийн цэргийг удирдах газар шинээр байгуулагдаж, үндсэн үүргээ хэрэгжүүлж эхэллээ.

Улс оронд дэгдсэн цар тахлын аюулаас урьдчилан сэргийлэх, өвчлөлийн дэгдэлт, тархалтыг зогсоох, түүний хор уршгийг арилгахад Цэргийн төв эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилтнууд маань тэргүүн эгнээнд ажиллаж, өнөөдрийн байдлаар ажиглалт, тусгаарлалтад 1582 хүнийг авч, 550 хүнийг эмчлэн эдгэрүүлээд байна.

Энэ жил Монгол Улсад Цэргийн явдлын яам буюу Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгуулагдсаны 110, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн түүхэн их ойнууд тохионо.

Төр улс, түүх шастирт онцгойлон тэмдэглэгдэх эдгээр үйл явдлын агуулга, ач холбогдлыг сурталчлан таниулж, ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх өндөр бүтээлийн аяныг өрнүүлж, ажлын үр дүн, чанарыг дээшлүүлэхийн төлөө алба хаагч бүр хичээн ажиллана гэдэгт миний бие итгэл дүүрэн байна.

Цаг үеийн нөхцөл байдлаас үүдэн монгол ёс заншлаа эрхэмлэсэн Сар шинийн баяраа уламжлалт ёсоор тэмдэглэх боломжгүй болсон хэдий ч “Эрхэм баян эрүүл мэнд” гэсэн ардын сайхан сургаалыг санаж, Засгийн газрын шийдвэр, зөвлөмжийг баримтлан шинэлэхийг Та бүхэндээ уриалж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Г.САЙХАНБАЯР

Холбоотой мэдээ
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-12-31 08:45:19 Үзсэн: 600
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-08-15 14:10:16 Үзсэн: 345
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-05-29 12:53:05 Үзсэн: 681
БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-03-18 14:08:20 Үзсэн: 307
ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2023-12-31 09:00:54 Үзсэн: 258