• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2020-12-30 16:00:24
Үзсэн: 616

МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2020-12-30 16:00:24 Үзсэн: 616



   Монгол Улсын Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат албаны дайчид, туурга тусгаар улс гүрнийхээ ариун голомтыг сахин хамгаалж, төр улсынхаа аюулгүй байдлыг батлан хамгаалах нэр хүндтэй, хариуцлагатай үүргээ биелүүлж буй төрийн цэргийн байгууллын нийт цэргийн алба хаагчид, хилийн чанадад үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид, ажилтан, албан хаагчид Та бүхэнд болон Таны гэр бүлд ирж буй шинэ оны баярын мэндийг дэвшүүлье!

   Та бид хамтдаа өвөг дээдсийнхээ баатарлаг үйл хэрэг, дайчин замналыг үргэлжлүүлэн Монгол цэргийн шилдэг уламжлалаа бататган баяжуулсан амжилт бүтээлтэй нэгэн оныг үдэж, шинэ онтойгоо учран золгож байна.

   Дэлхий дахиныг айдаст автуулсан цар тахлын аюул үүссэн нөхцөл байдалд Зэвсэгт хүчин дэвшүүлсэн зорилтоо бүрэн хангаж, тайван цагт хуулиар хүлээсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүлж байна.

Зэвсэгт хүчний эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Зэвсэгт хүчний байгуулалтыг төгөлдөржүүлэх ажлын хүрээнд хуульд орсон нэмэлт, өөрчлөлтүүдийн хэрэгжилтийг хангах, шинэ төрлийн цэргийн командлалуудыг байгуулах ажлыг эхлүүлэх, бие бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, улс орны их бүтээн байгуулалтад оролцох, бие бүрэлдэхүүний нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар дэвшил гарсан нэгэн он түүхийн хуудаснаа үлдэж байна.

    Тухайлбал, 2020 онд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн шинэлэг санаа, бүтээлээр зэвсэглэл, техникийн шинэчлэлийн суурийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, цэргийн сургалт, бэлтгэлийн чанарыг дээшлүүлэхэд онцгой анхаарч сургалтын хөтөлбөр, агуулгыг шинэчлэх ажлыг эхлүүлээд байна.

    Түүнчлэн Зэвсэгт хүчин Төр засгаас даалгасан үүргийн дагуу эх орныхоо бүтээн байгуулалтын тэргүүн эгнээнд манлайлан оролцож, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.16 км төмөр замын доод бүтцийн ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэснээс гадна төмөр замын гүүр, хоолой, инженерийн байгууламж, дэд бүтцийн үйлдвэрлэл, угсралтын ажлыг гүйцэтгэх бүрэн боломжтой гэдгээ батлан харуулсан зэрэг бүтээлч он жил болсныг ЗХЖШ-ын даргын хувьд тэмдэглэн хэлэхэд таатай байна. Ололт амжилт, сургамж туршлагаар дүүрэн 2020 оныхоо ажлын үр дүнд дүгнэлт хийж, цаашид улам бэхжүүлнэ гэдэгт ч итгэл дүүрэн байна.

    Ирэх онд бид өнөө цагийн Зэвсэгт хүчнийхээ яруу алдарт 100 жилийн түүхэн ойг угтана. Цаг үеийн онцгой шаардлага, дэглэмтэй бүхий л үйл ажиллагаагаа нягт уялдуулан Батлан хамгаалах бодлого, зорилтыг хэрэгжүүлж, Зэвсэгт хүчний байгуулалтыг төгөлдөржүүлэх, Зэвсэгт хүчний тухай хуулийн хэрэгжилтийг хангах, шинээр байгуулагдсан командлалуудын бие даасан ажиллагааг төлөвшүүлэх, Зэвсэгт хүчний үүрэг гүйцэтгэх бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх, бүтээн байгуулалтын үйл ажиллагааг үргэлжлүүлэх зэрэг томоохон үүрэг, зорилтууд тулгамдаж байна. Эдгээр үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэх нь Зэвсэгт хүчнийхээ түүхт ойд барих бидний бэлэг байх болно.

    Энэхүү зорилго, зорилтуудыг ажил хэрэг болгоход Зэвсэгт хүчний алба хаагч бүрийн идэвхтэй оролцоо, дэмжлэг, бүтээлч сэтгэлгээ, ажил хэрэгч чанар, хариуцлагатай, ёс зүйтэй үйл ажиллагаа юу юунаас илүү эрхэм чухал гэдгийг цохон тэмдэглэе.

    Ирээдүйд тэмүүлсэн өөдрөг үзэл, өрнүүн амжилт өөд урин дуудаж буй шинэ оноо халуун ам бүл, хамт олон, найз нөхдөөрөө сайхан угтаж, ирж буй 2021 ондоо эрүүл энх, ажил үйлс нь өөдрөг, аз хийморь, цог золбоотой явахын ерөөлийг өргөе!

МОНГОЛ ЦЭРГИЙН СҮР ХҮЧ, ЦОГ ХИЙМОРЬ МАНДАН БАДРАХ БОЛТУГАЙ!

     МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ

Холбоотой мэдээ
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-12-31 08:45:19 Үзсэн: 600
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-08-15 14:10:16 Үзсэн: 345
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-05-29 12:53:05 Үзсэн: 681
БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-03-18 14:08:20 Үзсэн: 307
ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2023-12-31 09:00:54 Үзсэн: 258