
Монгол Улсын Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, ажилтан албан хаагчид аа!
Эх орныхоо нэрийг өндөрт өргөж, хилийн чанадад үүргээ нэр төртэй гүйцэтгэж буй энхийг сахиулагч цэнхэр дуулгатнууд аа!
Эх орноо батлан хамгаалах эрхэм үйлсэд эрдэм ухаан, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн эх орончид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид аа!
Монгол Улсынхаа эрх чөлөө, тусгаар тогтнол, аюулгүй байдлыг батлан хамгаалж, бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн үйлст үнэлж баршгүй хувь нэмэр оруулан, Монгол цэргийн түүхийг бахархам үйлсээрээ баяжуулж буй Та бүхэндээ хүн төрөлхтний сонорт эрх зүйт төрт ёсны тусгаар Монгол Улсаа тунхаглан зарласан түүхт өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлье!
Хүн төрөлхтний түүхэнд төр, улсын баялаг түүх, уламжлалыг бүтээн бий болгосон Монголчууд түүхэн ээдрээтэй цаг үеийн нугачаанд эрх чөлөө, тусгаар тогтнолоо алдсан ч улс гэрийнхээ туурга тусгаар байдлыг сэргээн тогтоохын төлөө хатан зориг, эрэлхэг баатарлагийн тоолж баршгүй жишээ, үлгэр дуурайллыг үзүүлж хэдэн үеэрээ цөхрөлтгүй тэмцэж, мятрашгүй зүтгэсээр ирсэнийг бид мэднэ.
Тусгаар тогтнолын төлөөх Монголын ард түмний нэгдмэл үзэл санаа, цогтой тэмцэл нь Үндэсний эрх чөлөөний хувьсгал болон өргөжиж Богд хаант Монгол Улсыг байгуулах улмаар шинэ үеийн Монгол Улсын үндсийг тавьсан 1921 оны Ардын хувьсгал ялах урьтал нөхцлийг бүрдүүлсэн билээ.
Харийн түрэмгийлэгчдээс эх орноо чөлөөлсний дараа улс гэрээ шинээр эмхлэн байгуулах шинэ сорилтыг амжилттай даван туулж, 1924 онд анхдугаар үндсэн хуулиа баталж, улс Монголынхоо туурга тусгаар бүрэн эрхт байдлыг даян дэлхийд зарлан тунхагласан юм.
Соёлт хүн төрөлхтний дунд оршин байгаа үндэстэн бүхэн өөрийн гэсэн тусгаар улстай байж чадахгүй байгаа гашуун үнэн даяаршин буй дэлхий ертөнцөд байсаар л байна. Энэ байдалд бид бүхэн дүгнэлт хийж улс орны тусгаар тогтнолыг төрөлхөөс заяагдмал мэтээр сэтгэх ухвар мөчид ойлголт, сэтгэлгээг үгүй хийж, бидний нандигнан хайрлах ёстой эх орон, эрх чөлөө, тусгаар тогтнол ямар их үнэ цэнээр олдож, ямар хүч хөдөлмөр, хичээл зүтгэлээр бидэнд өвлөгдөн ирснийг түүний мөн чанар, утга учрыг залуу хойч үедээ гүн бат ойлгуулж, үндэсний дархлаагаа улам бүр сэргээн батжуулах нь Монгол хүн бүрийн, тэр тусмаа цэргийн алба хаагч нэг бүрийн эрхэм журамт үүрэг байх учиртай.
Даяаршлын эрин зуунд аливаа улс орны тусгаар тогтнолоо хамгаалах гэдэг ойлголт, арга хэлбэр нь илүү өргөн хүрээтэй, олон талт, гүн гүнзгий болж хувиран өөрчлөгдөж байна. Тухайлбал, дэлхийн улс орнууд мэдээлэл технологийн, эдийн засгийн, улс төр, дипломатын, үзэл суртлын, ёс суртахууны, шашин соёлын гэх зэрэг олон арга хэлбэрүүдийг оновчтой хослуулан, нэгдмэл цогц байдлаар үр дүнтэй хэрэглэж, тусгаар тогтнол, аюулгүй байдлаа баталгаажуулах хандлага давамгайлах боллоо. Цэрэг, зэвсгийн хүчээр аюулгүй байдлаа хамгаалах нь дээрх олон талт үйл ажиллагааны зөвхөн нэг хэлбэр төдийгүй, хамгийн эцсийн арга болоод байна.
Тиймээс бид дэлхий нийтийн нийтлэг жишиг хандлагаас хоцролгүй хөл нийлэн алхах, үүний тулд Зэвсэгт хүчний өмнө тавигдаж байгаа мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг төлөвшүүлэх зорилтын хүрээнд цэргийн алба хаагч бүр өөрийн албан тушаалын үүргийг гүйцэтгэлийн өндөр түвшинд хэрэгжүүлэх мэдлэг, дадлага, чадварт тасралтгүй суралцах, мэдлэгтээ байнгын шинэчлэл хийж өсөж, хөгждөг байх зарчмын шаардлага тавигдаж байгаа юм.
Зэвсэгт хүчний алба хаагчид Та бүхнийг тавигдаж байгаа зорилго, зорилтыг соргогоор мэдэрч, хүн бүр өөртөө зарчимч, ажил хэрэгч шаардлага тавин Зэвсэгт хүчний хөгжил, дэвшилтэй хөл нийлэн алхана гэдэгт итгэл дүүрэн байгаагаа илэрхийлэхийн ялдамд Эх орноо батлан хамгаалах, цэргийн шинэчлэлийг гүнзгийрүүлэх үйл хэрэгт тань улам их амжилтыг хүсье.
Монгол Улсынхаа эрх чөлөө, тусгаар тогтнол, аюулгүй байдлыг батлан хамгаалж, эх орныхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад хоёргүй сэтгэлээр хичээн зүтгэсэн ахмад дайчид, Монгол цэргийн түүхэн алдар, гавьяат үйлсийг эрхэмлэн нандигнаж, бахархам үйлсээрээ баяжуулан, нэгэн зорилгын төлөө мөр зэрэгцэн алба хааж буй хамтран зүтгэгчид, Зэвсэгт хүчнийхээ нийт бие бүрэлдэхүүн болон Та бүхний гэр бүл, үр хүүхдүүдэд эрүүл энх, аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
МОНГОЛ ЦЭРГИЙН СҮЛД ХИЙМОРЬ МАНДАН БАДРАХ БОЛТУГАЙ!
МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ