
Монгол Улсын Төрийн цэргийн байгууллагын генерал, офицер, ахлагч, гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, ажилтан албан хаагчид аа!
Эх орныхоо нэрийг өндөрт өргөж, хилийн чанадад үүргээ нэр төртэй гүйцэтгэж буй энхийг сахиулагч цэнхэр дуулгатнууд аа!
Эх орноо батлан хамгаалах эрхэм үйлсэд эрдэм ухаан, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн эх орончид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид аа!
Монгол Улсынхаа эрх чөлөө, тусгаар тогтнол, аюулгүй байдлыг батлан хамгаалж, улс орныхоо бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулан, Монгол цэргийн түүхийг бахархам үйлсээрээ баяжуулж буй Та бүхэндээ Монголын Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн баярын мэндийг хүргэе.
Олон зууны тэртээгээс төрт улсынхаа тусгаар тогтнолыг тунхаглан тэмдэглэж, төрийн их ёслол хүндэтгэлтэйгээр эрийн гурван наадмаараа эрэлхэг баатар эрчүүдийнхээ үнэн хүчийг үзэн барилдуулж, эрхий мэргэн харваачдынхаа цэц мэргэнийг сорин өрсөлдөж, эрэмгий хурдан хөлгүүдийнхээ шандас хурдыг сойн уралдуулдаг эртний сайхан уламжлалтай ард түмэн билээ.
Энэхүү үндэсний их баяр наадам нь МЭӨ 209 онд нүүдэлчдийн анхны нэгдсэн төрт улсыг байгуулж, 1206 онд дэлхийн түүхэнд тодоор бичигдсэн Их Эзэн Чингис хааны Их Монгол Улсыг зарлан тунхагласан түүхэн цаг үетэй салшгүй холбоотой бөгөөд Их Жанжин Д.Сүхбаатарын удирдсан Ардын журамт цэрэг 1921 оны 7 дугаар сарын 11-нд Нийслэл хүрээг чөлөөлсөн ардын хувьсгалын ялалтаар улам баталгаажиж, өдгөөгийн бидний хөгжил, дэвшлийн эх сурвалж юм.
1921 оны Ардын хувьсгал, 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайн, 1940-1948 онуудын баруун хилийн зэвсэгт тулгаралтад Монгол Улсын Зэвсэгт хүчний түүхэн ялалт, эх орныхоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын төлөө амь биеэ үл хайрлан тэмцсэн үе үеийн эх оронч, эрэлхэг дайчдын баатарлаг гавьяа, уламжлуулж үлдээсэн үнэт зүйлс нь Зэвсэгт хүчний үе үеийн дайчдын бахархал, үлгэр дуурайлал болж байна.
Өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт хүчин эх орноо батлан хамгаалах үндсэн чиг үүргээ нэр төртэй биелүүлэхийн зэрэгцээ улс орны их бүтээн байгуулалтын ажлуудад тэргүүн эгнээнд манлайлан оролцож, даян дэлхийн энх тайван, бүс нутгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсаар байгаа нь бид бүхний хичээл зүтгэлийн үр дүн юм.
Та бүхэн Монгол төрийнхөө их баяраар түүх, соёлоо гайхуулан, уламжлал, ёс заншилаа дээдлэж, сайхан наадаарай.
Монгол цэргийн цог жавхаа, сүлд хийморь мандан бадрах болтугай.
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ