ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний 084, 150, 350 дугаар ангид Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн зарим оюутнуудтай "Оюутан цэрэг-Нэг өдөр" сэдэвт сургалт, сурталчилгааны ажлыг энэ сарын 10-ны өдөр зохион байгууллаа.
АШУҮИС-ийн оюутнуудад цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх, тэдэнд Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчилах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулж буй энэхүү ажлын ач холбогдол өндөр юм.
2021 онд Зэвсэгт хүчний Жанжин штаб болон Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн хооронд "Хамтран ажиллах санамж бичиг"-ийг үзэглэсэн бөгөөд энэхүү санамж бичгийн хүрээнд хэд хэдэн ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсний нэг нь энэхүү сургалт, сурталчилгааны ажил билээ.
Сурталчилгааны ажилд оролцож буй 60 оюутанг 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 06.30 цагт АШУҮИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын багш, оюутнууд гурван маршрутаар хөдөлгөөн үйлдэн, өөрсдийн хуваарилагдсан Зэвсэгт хүчний 084, 150, 350 дугаар ангиудын байрлалд ирсэн юм.
Тэднийг ангийн шалган нэвтрүүлэх байраар халдвар хамгааллын дэглэмийг сахиулан нэвтрүүлж ангийн удирдлага хүлээн авч, хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар хөтөлбөрийг танилцууллаа.
Сургалт, сурталчилгааны ажлын эхэнд багш, оюутнууд тус ангийн бие бүрэлдэхүүний өглөөний нэгдэлтэд хамрагдан, Монгол Улсын Төрийн далбааг мандуулах, бие бүрэлдэхүүнийг жагсаах, долоо хоногийн ажлыг эхлүүлэх, үүрэг, зааварчилгаа өгөх, жагсаалын алхаагаар явах зэрэг нэгдсэн ажиллагаанд оролцлоо.
Үүний дараа Зэвсэгт хүчний ангиуд ангийнхаа түүх, дайчин замнал, гүйцэтгэх үүрэг, зорилго, зорилтуудын талаар танилцуулгыг хийж Дайчин алдрын танхимаар оруулан үйл ажиллагааныхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Улмаар зэвсэг техникийн үзэсгэлэнг үзүүлэн, жагсаал, гардан тулааны үзүүлэх тоглолтыг сонирхуулж, багш, оюутнуудтай жагсаалын болон биеийн тамирын бэлтгэл хичээлийг зохион байгуулсан бөгөөд цэрэгжлийн гимнастикийн 1 ба 2 дугаар 16 тоот дасгалыг зааж, энэ дасгалыг цаашид байнгын хэрэглээ болгохыг зөвлөв.
Нийт оюутан залуусын дунд буухиа тэмцээн зохион байгуулж хурд, хүч, авхаалж самбаагаа сорихын зэрэгцээ оройн 19.30 цагт Зэвсэгт хүчний 084, 150 дугаар ангид сургалтад оролцсон бүрэлдэхүүн Зэвсэгт хүчний 350 дугаар ангируу хөдөлгөөн үйлдэж тус ангид байрлан соёл, урлагийн арга хэмжээнд бие бүрэлдэхүүн хамрагдаж тухайн өдөр зохион байгуулагдсан уралдаан тэмцээний шагналыг гардуулан өглөө.
Мөн бүрэлдэхүүнд хандан баяр хүргэж АШУҮИС-ийн захирал профессор Н.Хүрэлбаатар үг хэлсэн бол соёл урлагийн арга хэмжээг нээж ЗХЖШ-ын Эрүүл мэндийн хэлтсийн дарга хурандаа Т.Сүхбаатар нар үг хэллээ.
Соёлын арга хэмжээг АШУҮИС-ийн 5 дугаар курсын оюутан “Чонон саарал” аяз, “Welcome to my heart” ая дууны мэндчилгээг морин хуур хөгжмөөр тоглож сонирхууллаа.
Түүнчлэн Зэвсэгт хүчний 350 дугаар ангиас “Цэнхэр дуулгатай цэрэг эрс” дуугаар ая дууны мэндчилгээ дэвшүүлж, нийтийн болон диско бүжгүүдийг зохион байгуулсан юм.
Оюутан залуус оройн тоонд жагсаж “Оройн зугаалга”, “Баярын жагсаал” дууг оюутан, сурагчид дуулан өдрийн үйл ажиллагаа дүгнэн энэхүү өдрийн үйл ажиллагаа өндөрлөсөн юм.
Өглөөний бослог, гүйлт гимнастикийг 06.30 цагт ангийн биеийн тамирын талбай, биеийн тамир спортын зааланд явуулж, өглөөний хоолыг нийт бүрэлдэхүүн 07.30 цагт ангийн цэргийн гал тогоонд хооллоо.
“Оюутан цэрэг-нэг өдөр” сургалт, сурталчилгаанд хамрагдсан оюутан залууст зориулсан хөтөлбөрийн хаалтын ажиллагаа 08.10 цагт Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн жагсаалын талбайд болж сургалтын дүнг гаргаж нийт бүрэлдэхүүнд баяр хүргэж дурсгалын зургийг оюутан залуучууддаа дурсгаж хүндэтгэлтэйгээр үдэн гаргаж өглөө.
Хошууч Э.Ганбаяр