Зэвсэгт хүчний Жанжин штабаас 2024 оныг “Ахлагчийн жил” болгон зарласантай холбогдуулан Тусгай хүчний цэргийн командлалаас нэгтгэл, ангиудын бие бүрэлдэхүүнтэй “Ахлагчийн жил”-ийн нээлтийн үйл ажиллагааг танхимаар болон цахимаар 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд зохион байгууллаа.
Энэхүү нээлтийн ажиллагаанд Тусгай хүчний цэргийн командлагч бригадын генерал Б.Баатар, тусгай хүчний цэргийн ахлагч тэргүүн ахлагч Б.Гантөмөр, хурандаа С.Болдбаатар, Д.Жавхланбаяр болон нэгтгэл, ангиудын захирагч, тэргүүн ахлагч нар оролцсоны зэрэгцээ “Тусгай хүчний анхан шатны чиглүүлэх сургалт”-ын жижиг бүлгийн байлдааны ажиллагааны жигдрэлтийг хангах сургалтанд хамрагдсан бүрэлдэхүүн оролцсоноороо онцлог болж өнгөрлөө.
Тусгай хүчний цэргийн командлагч “Тусгай хүчний анхан шатны чиглүүлэх сургалт”-ын үйл явцтай танилцаж, сургалтыг 3 сарын турш зохион байгуулж, явуулсан сургалтын удирдлага, сургагч багш нартай харилцан санал солилцож, тус сургалтын онцлогыг дурдаж цаашид энэ чиглэлээр хэрэгжүүлэх ажил арга хэмжээ, анхаарах зүйлсийн талаар үүрэг даалгавар өгсөн юм.
Мөн түүнчлэн Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабаас 2024 оныг “Ахлагчийн жил” болгон зарлаж “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч нарын чуулга уулзалт”-ыг угтаж хэрэгжүүлэх төлөвлөгөөт арга хэмжээг Зэвсэгт хүчний хэмжээнд зохион байгуулж, зохицуулах чиг үүрэг бүхий дэд ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгааг дурдахыг зэрэгцээ Тусгай хүчний цэргийн ахлагчийн бүрэлдэхүүн уг арга хэмжээнд МАНЛАЙЛАН ОРОЛЦОХ учиртайг нийт бие бүрэлдэхүүнд уриалсан.
Улмаар Тусгай хүчний цэргийн ахлагч тэргүүн ахлагч Б.Гантөмөр Монгол Улсын Ерөнхийлөгч , Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч нарын чуулга уулзалт”-ын талаар мэдээлэл хүргэж, Чуулга уулзалтыг угтан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагчийн албаны эрх зүйн орчин, нийгмийн хамгааллыг сайжруулж, ахлагч нарын мэдлэг, ур чадвар, албандаа хандах хандлага, итгэл үнэмшлийг дээшлүүлэх, ахлагчийн албыг сурталчлах, та бүхнээр дамжуулан хүүхэд залууст цэрэг-эх оронч хүмүүжил төлөвшил олгох бодлогын хүрээнд зохин байгуулагдах томоохон ажлуудын талаар танилцуулж, Тусгай хүчний цэргийн нэгтгэл, ангиудын ахлагч нар болон нийт ахлагчийн бүрэлдэхүүний үүрэг, оролцооны талаар ч цохон тэмдэглэсэн юм.
хошууч Ч.Нямсүрэн