• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХУГАЦААТ ЦЭРГҮҮДДЭЭ ХӨГЖМИЙН БОЛОВСРОЛ ОЛГОЖ БАЙНА
Нийтэлсэн: 2020-06-26 10:01:01
Үзсэн: 570

ХУГАЦААТ ЦЭРГҮҮДДЭЭ ХӨГЖМИЙН БОЛОВСРОЛ ОЛГОЖ БАЙНА
Нийтэлсэн: 2020-06-26 10:01:01 Үзсэн: 570



   Зэвсэгт хүчний 120 дугаар ангийнхан дотоод нөөц бололцоогоо ашиглан хугацаат цэргийн алба хаагчдадаа хөгжмийн боловсрол олгож эхэллээ. Тус ангийн Үлээвэр найрал хөгжмийн салааны захирагч, удирдаач, дэслэгч Б.Баттулга хөгжмийн зэмсэг тоглож, нот сурах сонирхолтой байлдагч Л.Лхагва-Эрдэнэ, П.Давааням, Г.Отгонтөгс, Ж.Ууганбаяр, Э.Пүрэвдорж нарын хугацаат цэргүүдэд тусгайлсан хөтөлбөр гарган, хөгжмийн хичээл явуулж, ангийн цэргийн ёслолын арга хэмжээний үед хөгжимчнөөр оролцуулан, дадлага туршлага олгож байгаа юм. Ингэхдээ байлдагч бүр өөр өөрийн гэсэн хөгжимд дагнан суралцаж байгаа бөгөөд нарийн бүрээ хөгжимд Л.Лхагва-Эрдэнэ, П.Давааням, бялар хөгжимд Г.Отгонтөгс, аялгуут бүрээ хөгжимд Ж.Ууганбаяр нар мэргэшиж байна.

 Байлдагчийн нэг Г.Отгонтөгсийн сэтгэгдлийг хуваалцахад “Эрхэм офицер, ахлагч, ажилтан алба хаагчид, мөр зэрэгцэн алба хааж байгаа цэргийн гэрээт болон хугацаат цэргийн найзууддаа энэ өдрийн мэндийг хурандаа генерал Б.Цогийн нэрэмжит Цэргийн гавьяаны одонт Зэвсэгт хүчний 120 дугаар ангиас мэндчилж байна. Хугацаат цэргийн албанд ирээд сурсан, мэдсэн зүйлс дэндүү олон байна. Эхэндээ ч ээж, аавынхаа өврөөс ч гараагүй шахам надад цэргийн алба хатуу санагдаж байснаа нуухгүй. Бүх зүйл тушаалаар, үйл ажиллагаа бүхэн нь тусгай төлөвлөгөөтэйгөөр. Харин одоо надад энэ нь илүү их эмх цэгц, дэг журамтай, зохион байгуулалттай байдгийг ухаарч, цэргийн албандаа дэндүү ихээр дасаж байна. Би аливаа зүйлийг сурах эрмэлзэлтэй. Нэг өдөр Үлээвэр найрал хөгжмийн салааны удирдаач, дэслэгч Б.Баттулга манай он жавуудаас “Цэргийн хөгжим сурах сонирхолтой хугацаат цэргийн алба хаагч байна. Суръя гэвэл бид заахад бэлэн байна” гэхээр нь дуртайяа бүртгүүлж, суралцаж эхэлсэн. Цаашдаа амжилттай сайн суралцаж чадвал цэргийн албанд хөгжимчнөөр алба хаах боломж ч байгааг дуулаад их баяртай байгаа шүү. Одоо миний хувьд гамм дасгал этюд, Төрийн дуулал, Тугийн марш зэрэг зохиол тоглож сурсан. Мэдээж хөгжмийн зэмсэг тоглож сурахад шантрах үе гардаг юм билээ. Тэр бүртээ шантрахгүй байж чадвал Зэвсэгт хүчиндээ бүр Монголдоо цаашлаад дэлхийд танигдсан сайн хөгжимчин болох боломж дүүрэн байдгийг олж харсан. Хөгжимчин байна гэдэг бусад мэргэжилтэй харьцуулахад нарийн торгон мэдрэмж, тэсвэр тэвчээр шаарддаг бөгөөд урлагаар дамжуулан хүн ухамсар, гоо зүйн өндөр соёлд суралцдаг гэдэгт итгэдэг. Онжавууддаа цэргийн хөгжимд суралцаарай. Үнэхээр сайхан шүү” гэсэн юм.

Дэслэгч Б.Баттулга удирдаачтай Үлээвэр найрал хөгжмийн салааныхан хугацаат цэргийн алба хаагчдадаа хөгжим заахын сацуу ноот бичлэгийн программыг бүрэн эзэмшиж, 1980-аад оны сүүлээр гараар бичигдсэн, хуучирч элэгдэж муудсан бүжгийн хөгжмийн ноотуудыг сэргээн шивж, дутуу хөгийн ноотыг найруулан эмхэтгэл гаргахаар ажиллаж байгаа юм. Тус салаанд их бүрээчин, ахлах ахлагч Э.Гантулга, ахлагч Т.Цэрэндэмбэрэл, нарийн бүрээчин, ахлагч Г.Гантулга, татах бүрээчин, ахлагч Н.Эрдэнэбилэг, ахлагч Б.Энх-Отгон аялгуут бүрээчин, ахлагч А.Гансүх, цохивор хөгжимчин, дэд ахлагч О.Даваабаатар, угалзан бүрээчин, ахлагч Б.Гандөлгөөн зэрэг авъяаслаг залуус алба хаадаг юм.

Хошууч Ө.Нарантуяа (Зэвсэгт хүчний 120 дугаар анги)

 

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 107