“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” ирэх даваа гаригт тохиож байгаа билээ. Энэхүү өдрийг тохиолдуулан Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалаас бие бүрэлдэхүүнийхээ бяцхан багачуудад бэлэг илгээснээ өнөөдөр эцэг, эхчүүдэд нь гардуулан өглөө. Хуурай замын цэргийн командлалаас жил бүрийн энэ өдрүүдэд бүрэлдэхүүнийхээ гэр бүл, үр хүүхдүүдийг хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг ч энэ жил дэлхий нийтээр тархсан цар тахлын нөхцөл байдлын улмаас эцэг эхчүүдэд нь гарын бэлэг, захидлын хамт өгсөн юм. Ингэхдээ орон нутагт ажиллаж, амьдарч байгаа зарим алба хаагчийнхаа багачуудыг урьж оролцуулсан. Хуурай замын цэргийн командлагчаас ажилтан алба хаагчдынхаа бяцхан багачуудад илгээсэн гарын бэлгийг Удирдлага, төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа О.Эрдэнэбаатар, Хүний нөөцийн хэлтсийн дарга, хурандаа Д.Энхсайхан нар гардуулан өгч, айл бүр аз жаргалтай, үр хүүхдүүд нь эрүүл энх байж, инээд хөөрөөр цалгиж байхыг ерөөсөн юм.
