
“Энхийг сахиулна гэдэг цэрэг хүний хийх ажил биш ч гагцхүү цэрэг хүн л үүнийг хийж чадна”. Энэ ишлэлийг 1953-1963 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан алдарт дипломатч Даг Хаммершолд онцолсон байдаг бөгөөд түүний хэлсэнчлэн тангараг өргөж, үүрэг хүлээсэн цэрэг хүн л хүнд хэцүүг давж, нэр хүндтэй үйлсийн эзэн болж чадсан юм. Маргааш буюу 5 дугаар сарын 29-ний өдөр “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр” тохиож байна. Тус өдрийг 2002 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас "Олон улсын энхийг сахиулагчдын өдөр" хэмээн зарласнаас хойш жил бүрийн энэ өдрийг цэнхэр дуулгатнуудын баяр болгон тэмдэглэдэг болсон юм. Эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгаж яваа энхийг сахиулагчид буюу энэ цагийн баатруудын талаарх зарим баримтыг хүргэж байна.
Баримт 1. Монгол Улс энхийг сахиулдаг топ 20 орны нэг.
Баримт 2. Монгол Улсын Зэвсэгт хүчин дэлхийн улс орнуудын энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт тууштай оролцож, НҮБ-д цэрэг хандивлагч орнуудын дотор томоохон байр суурь эзэлж байна. 2002 оноос хойш давхардсан тоогоор 18000 гаруй цэрэг дайчид энхийг сахиулах үйлсэд үүрэг гүйцэтгэсэн байна. Яг одоо гэхэд 1100 гаруй энхийг сахиулагчид ажиллагааны газар оронд үүргээ гүйцэтгэсээр байна.
Баримт 3. Өдгөө БНӨСУ-д явагдаж байгаа НҮБ-ын мандаттай “UNMISS” ажиллагаанд хурандаа Д.Баттүвшин захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний X ээлжийн мотобуудлагын батальон, ИБНАУ-д явагдаж байгаа НАТО-гийн тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран дэд хурандаа М.Аюушжав захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний хамгаалалтын ротын Х ээлжийн цэргийн баг, мөн тус ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран дэд хурандаа Э.Билэгсайхан захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний XI цэргийн баг үүргээ нэр төртэй гүйцэтгэсээр байна.
Баримт 4. Монгол Улсын Зэвсэгт хүчин НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 2 цэргийн ажиглагч офицероор хурандаа Р.Даваадорж, Ч.Ерөөлцэнгэл нарыг 2002 онд Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад явагдсан энхийг сахиулах ажиллагаанд илгээснээс эхэлсэн түүхтэй.
Баримт 5. 1999 онд манай улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох тухай төр, засгийн хэмжээнд яригдаж, 2000 онд Бүгд Найрамдах Казахстан улсад зохион байгуулагдсан энхийг сахиулах ажиллагааны “ЦЕНТРАЗБАТ-2000” сургуульд манай Зэвсэгт хүчнээс нэг салаа оролцсон нь 1945 оны Чөлөөлөх дайнаас хойш Монголын цэрэг анх удаа олноороо гадаадын оронд хөл тавьжээ.
Баримт 6. Манай улс өдгөө 18 дахь жилдээ НҮБ болон олон улсын цэргийн ажиллагаанд оролцож байна.
Баримт 7. 2006 оноос хойш манай улсын 700 гаруй эмэгтэй офицер, ахлагч НҮБ-ын болон НАТО-гийн тэргүүлсэн энхийг сахиулах ажиллагаанд цэргийн ажиглагч, штабын офицероор болон цэргийн багт үүрэг гүйцэтгэж байна. Энэ нь НҮБ-ын шугамаар ажиллаж буй дэлхийн 126 улс орноос нийт энхийг сахиулагчдын тоогоор 25, эмэгтэй цэргийн алба хаагчдын тоогоор 17, нэг хүнд ногдох энхийг сахиулагчдаар манай улс Ази тивдээ тэргүүлж байгаа юм.
Баримт 8. Манай улсын хамгийн анхны эмэгтэй энхийг сахиулагч нь ЗХЖШ-ын Энхийг дэмжих-цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн хурандаа Н.Нямжаргал. Тэрээр 2006 онд ахмад цолтой байхдаа НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж, эмэгтэй энхийг сахиулагчдын зам мөрийг гаргасан юм.
Баримт 9. Монгол цэрэг мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр хатуужил, дасан зохицох чадвар, сахилга бат, зохион байгуулалт, үүрэг гүйцэтгэх чадавхаараа олон улсад хүлээн зөвшөөрөгдөж чадлаа.
Баримт 10. Ажиллагааны газар оронд монголын энхийг сахиулагчдын талаар "Монголын цэргүүд үүрэг гүйцэтгэж байхад бид тайван унтаж чаддаг", "Монголын ажилч зөгийнүүд", "Энхийг сахиулагчдаас зөвхөн Монголчууд шууд байлдаанд орж тулалдах чадвартай”, “Монголын цэргүүд төрөлхийн дайчин хүмүүс”, “Монгол цэргүүдийг маш мундаг гэхээс өөр хэлэх үг алга” хэмээх тодорхойлолтуудыг НҮБ болон ажиллагааны газар орныхон, хамтран үүрэг гүйцэтгэж буй гаднын орны цэргийнхэн өгсөн байдаг юм.