
Эх орныхоо даалгаврыг өвөрлөн, даян дэлхийн энх тайвны манаанд нэр төртэй зүтгэсэн болон өдгөө зүтгэж яваа Зэвсэгт хүчний эрхэм генерал, офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагч Та бүхэндээ “Олон улсын энхийг сахиулагчийн өдөр”-ийн баярын мэндийг хамтран зүтгэгч Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье!
Монгол цэрэг морин туурайгаар дэлхийн талыг тамгалж эх орныхоо нэрийг түүхэнд мөнхөлсөн бол өнөөдөр энхийн үйлсэд хүчин зүтгэж, өвөг дээдсийнхээ алдар сууг дэлхий дахинаа дуурсгасаар байна. Монгол Улсын Зэвсэгт хүчин энхийг дэмжих ажиллагаанд оролцож байгаа нь дэлхий дахин, бүс нутагт энхтайван, тогтвортой байдлыг тогтоох үйлсэд Монгол Улсын оролцоог илэрхийлсэн нэрийн хуудас нь байхын зэрэгцээ үндэсний аюулгүй байдлаа улс төр, дипломатын аргаар хангах зорилтыг хэрэгжүүлэхэд төр, засагтаа дэмжлэг үзүүлж байгаа том үйл хэрэг билээ.
Монгол цэрэг мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр хатуужил, дасан зохицох чадвар, сахилга, зохион байгуулалт, үүрэг гүйцэтгэх чадавхаараа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөнд Монголын төр, ард түмэн бахархаж, уухайлан дэмжиж, хүндэтгэж явдгийг нь баярын энэ өдөр бахдан дурсахдаа таатай байна. Цэрэг хүний ёсоор даалгасан үүргийг мадаггүй биелүүлж, аливаа халдлага, дайралт, аюул осол, аагим халуун, шаагих бороо, халдварт тахлын алинаас ч няцаж шантраагүй, бэрхшээл бүхнийг сөрөн зогсож, ажиллагааны газар орондоо нөмөр нөөлөг, хамгаалалт горилон халуун амь, гэгээн итгэлээ өгч байгаа энгийн номхон нутгийн ард иргэдэд Монгол цэргийн суу алдар, монголын ард түмний хүнлэг, тусч сэтгэлийг дуурсган байгаа энэ цагийн эгэлгүй баатрууд бол энхийг сахиулагчид Та бүхэн юм.
Шинэ цагийн бахархал болон гялалзаж, эх орныхоо нэрийн өмнөөс харь газар орны эе эвийг сахиулагчиддаа "Олон улсын энхийг сахиулагч"-ийн өдрийн баярын мэндийг дахин хүргэхийн ялдамд албанд нь өндөр амжилт, амьдралд нь аз жаргал, хамгийн сайн сайхныг ерөөе!
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ, БРИГАДЫН ГЕНЕРАЛ Б.АМГАЛАНБААТАР