
Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийнхан иж бүрэн үлээвэр найрал хөгжмийн зэмсэгтэй боллоо. Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газраас тус дүүрэгт иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, эх оронч үзэл, хүмүүжлийг хүүхэд, залууст төлөвшүүлэхэд онцгой үүрэгтэй ажиллаж байгаа Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийнханд иж бүрэн үлээвэр найрал хөгжмийн зэмсгийг энэ сарын 25-ны өдөр гардуулан өгсөн юм. Энэхүү арга хэмжээнд Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын зөвлөх, бэлтгэл хурандаа Б.Отгонпүрэв, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, Налайх дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Н.Энхбат, Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн удирдлага, бие бүрэлдэхүүн оролцов.
Засаг дарга Ч.Раднаабазар “Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийнхан дүүрэгтээ тэргүүлэгч төрийн байгууллагын нэг. Налайх дүүргийн ард иргэдэд цэргийн цог жавхааг улам мэдрүүлээсэй, цэрэг-эх оронч үзэлтэй хүүхэд, залуусыг улам олон болгоосой гээд энэхүү иж бүрэн үлээвэр найрал хөгжмийн зэмсгийг хандивлаж байна” гэсэн бол Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн захирагч, дэд хурандаа Г.Эрдэнэбаатар дүүргийн удирдлагуудад талархал илэрхийлж, үг хэлсэн юм. Арга хэмжээний төгсгөлд тус ангийн Үлээвэр найрал хөгжмийн салааны бүрэлдэхүүн хүндэт зочид, бие бүрэлдэхүүнд шинэ хөгжмийн зэмсгээрээ урлагийн тоглолт өргөн барилаа.
Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн Соёл хүмүүжлийн албаны дарга, хошууч Д.Хадхүү



