
Зэвсэгт нэгтгэл, ангиудад хугацаат цэргийн алба хаасан залуусын цөөнгүй хэсэг нь цэргийн гэрээт албанд улирч үлддэг сайхан жишиг манай Зэвсэгт хүчинд бий. Улирч үлдсэн залуус өдгөө шилдэг цэргийн алба хаагчдын нэг болон гялалзаж байгаа жишээ баримт ч олон бөгөөд энэхүү залгамж халааг 2019 оны нэгдүгээр ээлжээр Зэвсэгт хүчний 256 дугаар ангид хугацаат цэргийн албанд татагдсан байлдагч З.Хурцзориг, байлдагч О.Бат-Эрдэнэ нар бусад нөхдийнхөө хамтаар буухиалжээ. Эх орондоо зориулсан нэг жил тэдэнд эх орны үнэ цэн, цэргийн албаны мөн чанарыг ойлгуулсан цаг хугацаа байсан учраас улирч үлдсэн нь лавтай.
Байлдагч З.Хурцзориг нь Баянхонгор аймгийн харьяат, хугацаат цэргийн албанд өөрийн хүсэлтээр бүр зарлангийнхаа араас эрэл сурал болсоор ирсэн залуу. Энэ тухайгаа “Цэргийн албанд татагдсанаас хойш өөрчлөлт, ухаарлын эхлэл болсон. Эх орноо бид л хамгаалахгүй юм бол, өөр хэн хамгаалах юм бэ гэдгийг маш их ойлгосон. Цэргийн алба гэдэг нь дүрэмт хувцас өмсөөд буу үүрээд гүйхийн нэр биш юм байна. Аз жаргалтай, амар тайван эх орноо батлан хамгаалах цэрэг дайчдыг, амьдралаа аваад явах төлөвшсөн иргэн хүнийг бэлтгэдэг газар юм байна гэдгийг ойлгож авсан. Ийм ч учраас цэргийн гэрээт албанд улирах хүсэлтээ өгсөн. Манай онжавуудаас зарим нь бүр Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж, ахлагчийн албанд элссэн, бас цөөнгүй хэсэг нь Дорноговь аймагт улс орны бүтээн байгуулалтад гар бие оролцож байгаа гээд бодохоор Зэвсэгт хүчний 256 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан залуус үеийнхэндээ сайн жишээ болох байх шүү, би тэгж бодож байна. Цэргийн гэрээт алба нь байнгын бие бүрэлдэхүүнээс ялгаагүй байдгийг дөнгөж элсэж ороод л мэдэрсэн. Ээлжийн амралттай, цалинтай, ажлын найман цагтай гээд давуу талууд их байдаг юм билээ. Миний хувьд шилдэг цэргийн гэрээт алба хаагч болохын төлөө хичээх болно. Эр цэргийн албаа хааж амжаагүй, өөрийгөө гүйцэд таниагүй үе тэнгийхэн болон дүү нартаа хугацаат цэргийн албаа хаагаарай, амьдралын зөв дадалд суралцаарай гэж уриалж байна” гэв.
Харин түүний онжав, байлдагч О.Бат-Эрдэнэ Улаанбаатар хотын харьяат, 2005-2015 онд нийслэлийн 118 дугаар ерөнхий боловсролын дунд сургууль, 2018 онд “Шинэ үе” мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийг гагнуурчин мэргэжлээр тус тус төгсчээ. Түүний хувьд цэргийн алба хаахдаа мартагдашгүй дурсамжтай болсон нь байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуульд оролцсон нь гэнэ. Урьд нь уран сайхны кинонд л хардаг байсан зүйлээ энэхүү сургуулиар олж хараад цэргийн гэрээт албанд улирч үлдэх шийдвэрийг тэр өдөртөө л гаргасан байна. Түүнд нөлөөлсөн өөр нэг шалтгаан нь аавынх нь захиас аж. 1996-1997 онд Зэвсэгт хүчний 256 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан аавынхаа замналаар 23 жилийн дараа ирснээ ховор тохиол гээд аавын залуу нас, миний залуу нас энэ ангид өнгөрөх их хувьтай байжээ гэж онцлов. Аав, ээж хоёр нь цэргийн гэрээт албанд улирч үлдэх хүүгийнхээ шийдвэрийг сонсоод өөрөөс нь ч илүү баярлаж “Миний хүү чинь харин овоо эр хүн байна” хэмээн магтсанд урамшсан байна. Эрхэм цэргийн гэрээт алба хаагчдадаа амжилт хүсье.