.jpg)
Саяхандаа л цэлийсэн талд өвс ногоо, шарилжнаас өөр бөртийх бараагүй байсан газарт бүхэл бүтэн барилгууд, төмөр замын далангийн ажил цаг хугацаатай уралдан “ургасан” юм шиг өндийн боссон байх нь бахтай гэж жигтэйхэн. Хүч, хөдөлмөрөөр нь өндийн босохыг харж урамшсан залуус улам л урам зоригтойгоор ажиллах дүр зураглал энэ талд л дүүрэн байна. Зэвсэгт хүчний 9 ангийн барилгачин дайчид, зарим хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн хамтаар Дорноговь аймгийн Зүүнбаян сумаас Өмнөговь аймгийн Цогтцэций сум хүртэлх 414.6 км төмөр замын суурь бүтэц болоод зарим барилгын ажлыг бэлэн болгохоор өдөр, шөнө гэж ялгалгүй ажиллаж байгаа нь энэ. Төмөр замын суурь бүтцээс гадна дээд бүтцийн ажил ч зэрэгцээд “буцалж” байна. “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн ажилчид Зүүнбаян өртөөнөөс эхлүүлэн галт тэрэг явах 22.5 км рейльс төмрийг угсарсан байв. Тал нутагт бүтээн байгуулалтыг сүндэрлүүлж байгаа цэргийнхнийгээ эргэх ЗХЖШ-ын даргын тушаалын дагуу Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатараар ахлуулсан тус командлалын тодорхой бүрэлдэхүүн тэдний хийж бүтээснийг нь харж бахархаж, омогшив. Бас хайрлав. ЗХЖШ-ын ахлагч, тэргүүн ахлагч Б.Гантөмөрөөр ахлуулсан ХЗЦК, АЦК, харьяа нэгтгэл, ангиудын тэргүүн ахлагч нар ч мөн адил бүтээн байгуулалтын явцтай танилцаж, журмын нөхдөөрөө бахдав. Хүмүүс байгалийн үзэсгэлэнг харж биширдэг дээ. Яг түүн шиг л хүн, техник хоёрын гараар бүтсэн бүтээн байгуулалтыг биширч явцгаав.
Томилогдсон бүрэлдэхүүн бүтээн байгуулалтын явцтай танилцахаас өмнө Зэвсэгт хүчний 336 дугаар ангид ажилласан бөгөөд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар Хуурай замын цэргийн командлалаас 2020 онд дэвшүүлж буй бодлого, зорилт, түүнд нэгтгэл, ангиудын үүрэг, оролцооны талаар мэдээлэл хийж, бэлтгэжилтээ дээшлүүлэх, цэргийн алба, сахилга батаа сайжруулах, ажлын бүтээмжээ чанаржуулах талаар үүрэг, даалгавар өгсөн юм.
Бидний хамгийн эхэнд очсон анги нь хурандаа Б.Энхбаяр захирагчтай Зэвсэгт хүчний төмөр замын 7782 дугаар ангийнхан. Тус ангийнхан хэд хэдэн хэсэгт хуваагдан байрлаж, далангийн ажил, ус зайлуулах хоолой, бетон зуурмагийн үйлдвэр зэрэг нэлээдгүй олон чиглэлээр тун завгүй ажиллаж байв. Энэ жил хамгийн олзуурхууштай нь Зэвсэгт хүчний ангиуд болон зарим аж ахуйн нэгжид гүүр, хоолой, гарам барихад шаардагдах бетон зуурмагийн үйлдвэр найм, дээд бүтцийн чулуу, бутлуурын таван үйлдвэр ашиглалтад оруулсан байх агаад төмөр замын барилгын ажилд шаардагдах бетон зуурмаг, балластыг дотоодоосоо хангах бүрэн боломжтой болсон байна. Энэ нь мэдээж чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, тээвэрлэлтэд цаг алдахгүй байх зэрэг олон талын давуу талтай ажээ. Тус ангийн хугацаат цэргийн алба хаагчдын төлөөлөл болгон байлдагч Б.Алтанхуягаас (256) "Улс орны хэмжээний ийм том бүтээн байгуулалтад оролцож байгаадаа сэтгэл хангалуун байгаа юу?” гэхэд толгой дохин инээмсэглэв. Нээрээ л тэр толгой дохисон шигээ сэтгэгдэл хангалуун байгаа нь андашгүй бөгөөд үеийнх нь нөхөд энэ жил хоёрдугаар дамжааны оюутан бол түүний хувьд улс орондоо өөрийн хувь нэмрээ оруулсан бүтээн байгуулагч цэрэг болсноо тодотгов. Түүний онжав байлдагч Д.Баярбаатар (256) ч гэсэн 2019 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан ирсэн гэнэ. Хугацаат цэргийн албаа хааж байхад нь ангийн удирдлагууд нь “Бүтээн байгуулалтад нарийн мэргэжилтэй хугацаат цэргийн алба хаагчдыг оролцуулна. Хүнд даацын машин болон барилга заслын чиглэлээр суралцсан байлдагчдад энэ боломж нээлттэй” гэхэд нь хамгийн түрүүнд өргөдлөө гаргасан гэнэ. Үеийн хөвгүүдээсээ түрүүлж цэргийн албанд ирсэндээ, цэргийн албанаас бүтээн байгуулалтад оролцож буйгаа олон хүнд олдоод байхгүй хувь заяа гэж бодож явдаг гэлээ. Түүнийг хайртай гэрийнхэн нь “Бид л өврөөс гараагүй жаахан гэж боддог байхад миний хүү цэргийн ах, эгч нартайгаа хамт том бүтээн байгуулалт өрнүүлж байдаг” гээд л урам зориг өгсөн гэнэ.
Харин хурандаа Б.Энхбаяраас “Та бүхний хийж бүтээж байгаа бүхэн нүднээ илхэн байна. Хариултгүйгээр өөрөө хариулж байна. Гэхдээ эх орон, Зэвсэгт хүчний удирдлагынхаа өгсөн үүргийг биелүүлж дууссаны дараа танд ямар бодол төрөх бол гэдэг их сонин байна. Мэдээж хамтран зүтгэгч нөхдөөрөө омогших байх” гэхэд “Энэ төслийг эхлүүлэх ёслолын тууз хайчлахад нь оролцож байхдаа хэзээ дуусах бол, яадаг бол гэж бодож байснаа нуухгүй ээ. Харин өнөөдөр бол хэн бүхний нүдэнд тодоос тод сүндэрлэхийг хараад Зэвсэгт хүчнийхээ бүх барилгачин дайчдаар бахархаж байна. Одоо бидэнд богино хугацаанд маш их чармайж ажиллах шаардлага бий” гэсэн юм. Хурандаагийн ойрын мөрөөдөл гэвэл Зэвсэгт хүчнийхээ барилгачин дайчдынхаа хамт хамгийн анхны галт тэргээр өөрсдийнхөө гараар сүндэрлүүлсэн замаар нь давхиж явахыг мэдрэх гэнэ лээ. Үнэхээр л түүний мөрөөдөл биелнэ гэмээнэ нүд цавчилгүй явах цаг хугацаа байна гэдэг тодорхой юм.
Энд нэг зүйлийг онцлоход далангийн ажил гэдэг нь зөвхөн шороо овоолчихдоггүй хамгийн их хүч хөдөлмөр, мэдрэмж, техник, технологи, хөдөлмөрийн аюулгүй байдал шаардсан хүнд хөдөлмөр байдаг аж. Энгийнээр тайлбарлахад өөрөө буулгагч “Хово” машинаар хэдэнтээ шороо буулгаж, дараа нь индүүдэх, нягтруулах, шалгах зэрэг олон дамжлага явагддаг байна. Индүүдэж дуусахад ердөө 30 см буюу дунджаар мухар тохой орчим л болж нягтардаг юм байна. Үүний дараа дахиад л шороо буулгана, индүүднэ.
Тэр бүү хэл, газрын нам, өндөр гадаргуугаас хамааран дээшээ 5 давхар барилга мэт, доошоо 16 давхар барилга мэт ухаж тэгшилсэн нь Дорноговь аймгаас Өмнөговь аймаг ортол хэд хэд тааралдав. Энэ нь мэдээж манай барилгачин дайчдын маань бүтээсэн хөдөлмөр. Хүний гараар “уул” сүндэрлэж, хүний гараар “хавцал” үүссэн нь монголчууд үнэхээр бүтээж чаддаг гэдгээ нотолсон сайхан зураглал байсан юм.
Үүний дараа бригадын генерал П.Доржсүрэн захирагчтай Зэвсэгт хүчний төмөр замын 7781 дүгээр ангид түр саатав. Бригадын генерал П.Доржсүрэн ангийнхаа хийсэн бүтээн байгуулалтыг танилцуулж, төмөр зам барих ач холбогдлын талаар мэдээлэл өглөө. Түүний баримталж байгаа гол бодлого нь ногдсон ажлаа чанарын өндөр түвшинд гүйцэтгэх бөгөөд дараагийн залгамж халаа, залуу үеэ бэлтгэхэд ч анхаарч байгаагаа дуулгав. Тухайлбал, барилгачин дайчдаа хэд хэдэн хэсэг болгон хуваарилаж, өөрсдөө шийдвэр гаргаж сурахад нь дэмжлэг үзүүлж байгаа гэнэ. Тус ангийн хамгийн сонирхолтой нь алба хаагчдынхаа амралтын гэрийг салхи, шуурганаас хамгаалж газар ухан “нуувч”-ид барьсанд байв. Угаасаа тус тал нутагт “мөнхийн” шахам шуурга дэгдэж, шороо хуйларч байдаг учраас П.Доржсүрэн генерал туршлага зааж, гэрүүдээ “нуувч”-ид барьсан нь энэ ажээ.
.jpg)
Дараагийн онцлох дайчид нь Зэвсэгт хүчний 110 дугаар ангийнхан. Тус ангийнхны өнгөрсөн оны 9 дүгээр сараас эхлүүлсэн зургаадугаар зөрлөгийн бүтээн байгуулалтын ажил үндсэндээ шувтарч, улсын онцгой комисс хүлээн авах л дутуу байна. Зургаадугаар зөрлөгт 13 айлын орон сууц, удирдлагын байр зэрэг хэд хэдэн обьект хамаарах ба үүнийг Зэвсэгт хүчний 110, 339 дүгээр ангийнхан барьсан юм. Хурандаа Ц.Амарсайхан захирагчтай тус ангийнхан төмөр замчдыг тал нутагт хананаасаа халуун, хүйтэн усаа авчихаад, халаалттай барилгад амьдруулахаар дахин нутаг сэлгэж, дараагийн зөрлөгийн ажилдаа ч мөн орсон байв. Тодруулбал, гуравдугаар зөрлөгийн барилгын ажилдаа орж, нэг давхрыг нь хэдийн угсарсан байна.

Үүний хажуугаар төмөр замын далан, гүүр, хоолой барих гээд хэд хэдэн ажилтай. Ер нь Зэвсэгт хүчний бүх ангиуд зөвхөн нэг ажлаар дагнах бус олон төрлийн ажлыг зэрэг амжуулж байгаа нь “зочилж” очсон хэнд ч тодорхой харагдах. Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийнхан ч мөн ялгаагүй хоёрдугаар зөрлөгийн барилга, далангийн ажил, гүүр, хоолой барих зэрэг хэд хэдэн үүрэгтэйгээр ажил нь ундарч байхтай нь танилцав аа. Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар бүтээн байгуулагч офицер, ахлагч, ажилтан алба хаагчдаасаа гадна хугацаат цэргийн алба хаагчдынхаа ажиллаж байгаа газарт очиж “Эх орныхоо бүтээн байгуулалтад оролцож байгаа та бүхнээр бахархаж байна” хэмээгээд хангалт, үйлчилгээ, хоол унд, санаа сэтгэгдлийг сонсож, урам зориг өгч явав. Заримд нь дурсгалын цаг гардуулж амжилт хүссэн.
Хамгийн төгсгөлд нь очсон анги нь Өмнөговь аймагт ажиллаж байгаа дэд хурандаа Д.Зоригтсайхан захирагчтай 7780 дугаар анги. Тус ангийхан өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Дорноговь аймагт баригдах Газрын тос боловсруулах үйлдвэрийн хүнд даацын авто замыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн, улсын комисст сайн үнэлгээтэйгээр хүлээлгэж өгсөн хамт олон бөгөөд энэ нь Монгол Улсад анхны олон улсын В2 ангиллын хүнд даацын авто зам болж чадсан юм. Харин энэ жилээс тус ангийнхан бусад нөхдийнхөө адил төмөр замын суурь бүтэц, гүүр, хоолой барих, чулуу бутлуурын үйлдвэр ажиллуулах зэрэг олон үүрэгтэйгээр ажлаа гялалзуулж байлаа. Захирагч нь хээрийн байрлалд байгаа ангиудын захирагч нараас хамгийн залуу нь ч гэсэн дадлага, туршлагаар дутахааргүй хөдөлмөрч гэдэг нь хэнд ч илхэн байлаа.
Ийнхүү бүтээн байгуулагч нөхдийнхөө тухай товч өгүүлэхэд ийм. Тэнд байгаа манайхны хангалт, үйлчилгээ сайн, хоол унд нь амттай, чихэр жимс элбэг дэлбэг хотын биднээс дутахааргүй байгааг дурдах нь зүйтэй байх. Дорноговь аймгаас Өмнөговь аймаг хүртэлх Зэвсэгт хүчний ангиуд болон хувийн хэвшлийн 40 гаруй аж ахуйн нэгжүүдийг зайнаас нь хамааран гурав хуваасан байх ба тэднийг шуурхай удирдлагын гурван бүлгийн дарга нар болох бригадын генерал Л.Гансэлэм, хурандаа Б.Эрдэнэбат, хурандаа Д.Адъяабазар нар нэгдсэн удирдлагаар хангадаг байна. Торойх зүйлгүй тал нутагт цэргийнхэн бүтээн байгуулж, монголчууд чаддаг гэдгийг өөрсдөөрөө үлгэрлэн харуулж байна. Цэрэг хүний туйлын зорилго нь эх орны тусгаар тогтнол, эрх ашиг бөгөөд үүний төлөө тэд өдөр, шөнөгүй ажилласаар л. Ажил, хөдөлмөрөөрөө биднийг манлайлж байгаа тэдгээр цэргийн охид, хөвгүүдээ бодохоор үүргэвчээ үүрээд очмоор ч юм шиг...
Ахлах дэслэгч Д.Болормаа
.jpg)
.jpg)