• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АРТИЛЛЕРИЧДЫН АЖИЛ ҮЙЛС ӨӨДРӨГ БАЙНА
Нийтэлсэн: 2020-05-15 22:31:13
Үзсэн: 514

АРТИЛЛЕРИЧДЫН АЖИЛ ҮЙЛС ӨӨДРӨГ БАЙНА
Нийтэлсэн: 2020-05-15 22:31:13 Үзсэн: 514



Зэвсэгт хүчин хэмээх их айлын гол цөм нь цэргийн нэгтгэл, анги байдаг. Тийм ч учраас Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний төв хэвлэл “Соёмбо” сонины редакц дугаар бүртээ Батлан хамгаалах салбарын аль нэг байгууллага, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн үйл ажиллагааг сурвалжилж уншигчдынхаа сонорыг мялаахыг эрхэм болгодог. Энэ ч үүднээс бид Зэвсэгт хүчний 120 дугаар ангийг зорьсон юм. Тус анги нь анх 1967 онд тухайн үеийн Ардын Армийн командлагчийн тушаалаар “Ардын Армийн танк эсэргүүцэн сөнөөх артиллерийн тусгай дивизион” нэртэйгээр байгуулагдаж байсан бөгөөд өдгөө 53 жилийн ойтойгоо золгож байгаа дайчин алдрын арвин түүхтэй юм.
Цаг үеийн байдлаас шалтгаалан аливаа байгууллагын үйл ажиллагаа хязгаарлагдмал хүрээнд явагдаж байгаа хэдий ч Зэвсэгт хүчний ангийн бүхий л үйл ажиллагаа дүрмээр тогтоосон цаг хугацаанд явагддаг төдийгүй олон хэлбэрийн сургалт, дадлагаас гажиж боломгүй. Үүнийг батлах мэт биднийг очиход ангийн хашааны гадна талд байрлах сургалт, дадлагын хотхонд “Хориглох байрт, артиллерийн тоот, салаа, батарейны ажиллагаа” сэдэвт дадлагын хичээл ид явагдаж “Тоот буундаа", "Тоот буунаас” хэмээх дуу хадаж байлаа. Энэ л тэдний онцлог, энэ л тэдний жинхэнэ нүүр царай юм.
Тус ангийн захирагч, хурандаа Д.Мөнхсайхан нь жагсаалын байлдагчаас ангийн захирагч болтлоо шат дараалан дэвшиж ажилласан офицеруудын нэг. Түүний баримталдаг гол зарчим нь бие бүрэлдэхүүний мэргэжлийн бэлтгэлийг сайжруулах, ур чадварыг нь дээшлүүлэх, хүн нэг бүрийн бэлтгэлийг албан тушаалын үүрэгтэй нь уялдуулан, чадваржуулах, байнгын бүрэлдэхүүний нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх, хувь хүний хөгжлийг дэмжих, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлж, нягт хамтран ажиллахад чиглэгддэг нь мэдрэгдсэн. Тэрээр олон зорилго, зорилт тавьсан бөгөөд ангийн захирагчаар ажиллах хугацаанд олонх нь биелсэн нь нүднээ илт.


Түүний хэлснээр тус анги 2019-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөндөө “Цэргийн захиргааны удирдлагыг тасралтгүй хэрэгжүүлж, бие бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлэн бэлэн байдлыг хангах” зорилгыг дэвшүүлэн ажилласан бөгөөд энэ хүрээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх ажлыг Монгол Улсын хууль, “Цэргийн нийтлэг дүрмүүд”, шинэчлэн батлагдсан “Цэргийн албыг зохион байгуулах заавар”, “Сургуулийн жилд цэргийн албыг зохион байгуулах тухай” ангийн захирагчийн тушаал, ангийн дотоод журам, бусад хууль, эрх зүйн баримт бичгийн хүрээнд зохион байгуулж, ангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн ажил, үүргийг эрчимжүүлэн албан тушаалтан бүрийн ажлын хариуцлагыг дээшлүүлж, салаа, салбаруудад болзолт уралдааныг зарлан сар бүр дүгнэн ажиллаж байгаа аж.
Мөн 2019-2020 оны сургуулийн жилд цэргийн сургалт бэлтгэлийг сайжруулахад олон талт арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд бие бүрэлдэхүүний мэргэжлийн бэлтгэл хичээлийг үр дүнтэй зохион байгуулахад онцгой анхаарч, тус ангийн захирагч асан, бэлтгэл хурандаа Б.Цагааны дэмжлэгтэйгээр онол, дадлагын сургалтыг явуулснаар тэдний мэргэжил, ур чадвар эрс дээшилжээ. Түүний үр дүнд өнгөрсөн хоёрдугаар сард хээрийн гаралт, полигоны дадлагын шатанд явагдсан батарейнуудын байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль, дивизионы гал удирдах сургууль, артиллерийн мэргэжлийн офицер, ахлагч нарын шүүлгийн галын үүрэг, байлдааны харвалтуудыг Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн районд амжилттай зохион байгуулж тус анги “Үүрэг гүйцэтгэх чадавхтай” үнэлгээтэй шалгагдсан байна. Уг хээрийн гаралтаар тийрэлтэт артиллерийн дивизионы буудлагын үед цахим программыг ашиглан хянах байрыг шилжүүлэн буудлага хийсэн нь ололттой тал болжээ. Мөн сургуулийн жилийн төгсөлтийн шалгалтаар бие бүрэлдэхүүн 84 хувьтай “В” дүнтэй шалгагдсан нь ангийн нийт офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдын амжилтын нэгээхэн хэсэг нь юм. Одоогийн байдлаар тус ангийн хамт олон Зэвсэгт хүчний Жанжин штабын “Цэргийн сургалт бэлтгэлийн төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тушаал, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагчийн “Бататгах сургалтын төлөвлөгөө"-ний дагуу сургалтын төлөвлөгөөнд тодотгол хийж, штабын бэлтгэл сургалтыг чанаржуулан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ тодорхойлон ажиллаж байна. Мөн өнгөрөгч 3 дугаар сард явагдсан Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалаас нэгтгэл, ангиудын дунд зохион байгуулсан команд штабын сургуульд оролцож үүргээ амжилттай гүйцэтгэсэн зэргийг онцолсон юм.
Тэрчлэн нийт бие бүрэлдэхүүний нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд Төв аймгийн Борнуур суманд таван га газарт хүнсний ногоо тариалж байнгын бүрэлдэхүүний цайны газрын жилийн хэрэгцээг хангаад зогсохгүй, илүү гарсан төмс, хүнсний ногоог ажилчдад болон ахмад дайчдадаа хөнгөлөлттэй үнээр өгч тусалдаг гэнэ.
Үнэхээр л энэ бүхэн нь тус ангийн удирдлага, штабын бүрэлдэхүүнээс гадна шат дараалсан дарга нарын хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны бодит үр дүн юм.
Ангийн штабын дарга, дэд хурандаа Б.Даваа-Очир 2019-2020 оны сургалтын төлөвлөгөөний дагуу хоёрдугаар үеийн эхэнд явагддаг багшлах бүрэлдэхүүний заах арга зүйн цугларалтыг явуулж, цаашид цэргийн сургалт бэлтгэлийг үр дүнтэй зохион байгуулах талаар анхаарч ажиллахыг сургалт хариуцсан албан тушаалтнуудад үүрэг өгсөн аж. Мөн ЗХЖШ-аас өгсөн үүргийн дагуу нийт бие бүрэлдэхүүнд “Цэргийн нийтлэг дүрмүүд”, шинэчлэн батлагдсан “Цэргийн албыг зохион байгуулах заавар”, "Офицер, ахлагч нарын ёс зүйн дүрэм"-ийг сайтар судлуулсан ба албан тушаалтан бүрээс шалгалт авах ажлыг зохион байгуулжээ. Түүний зэрэгцээ цэргийн зэвсэглэлийн шинэчлэлд өөрчлөлт хийхээр Тийрэлтэт артиллерийн байлдааны машиныг сайжруулах, зөөврийн харвах суурийг автомашин дээр суурилуулах, Хөдөлгөөнт хянах байрыг боловсронгуй болгох төслийн ажил, тийрэлтэт артиллерийн дивизионы дадлагын хотхоныг байгуулж байгаа зэрэг нь тус ангийн хамт олны хийж гүйцэтгэж байгаа чухал ажлуудын нэг гэдгийг тодотгосон.
Тус ангид бүтээн байгуулалт, засвар үйлчилгээ, нөхөн сэргээх, ойжуулах гээд олон ажил эрчимтэй явагддаг. Тухайлбал, артиллерийн дивизионы таван танхимд бичгийн болон сурагч ширээ, сандлын хүрэлцээ хангалтгүй байсан бөгөөд салааны захирагч нар өөрсдийн болон ангийн дотоод нөөц бололцоог ашиглан тус тусын хичээлийн танхимыг засварлаж, ширээний тавцанг солих, хуучин ширээг засварлах ажилд идэвх санаачилгатай байж сургалт явуулах ая тухтай орчныг бүрдүүлжээ. Үүнтэй нэгэн адил ангийн доторх ногоон байгууламжийг цэцэгжүүлэх үүднээс “Туул тосгон”-ы 12 дугаар хороонд байрлах Мод үржүүлгийн газартай хамтран ажиллаж ангийн байрлалд 400 гаруй модны суулгацыг тарьж ургуулсан бөгөөд эдгээр нь тус ангийн гар нийлж, сэтгэл шингэсэн хамт олны бас нэгэн онцлох ажил юм.
Сүүлийн үед эрчимтэй арга хэмжээ авч, бодит ажил болгож байгаа биеийн жингийн индекс тус ангид тун сайн мөрдөгдөж байгаа гэж хэлж болно. Тухайлбал, байнгын бүрэлдэхүүний биеийн жин, өндрийн зохистой харьцаа, биеийн жингийн индекс, стандартыг тодорхойлж, судалгаа хийн, шаардлага хангаагүй цэргийн алба хаагчидтай тусгай хөтөлбөрийн дагуу нэмэлт сургалтыг явуулснаар бие бүрэлдэхүүний 90 хувь нь биеийн жингийн зохистой харьцааг бүрдүүлсэн нь давуу тал бөгөөд бусад ангиудад ч үлгэр жишээ болохуйц юм. Түүнчлэн тус ангийн тогтмол гэж хэлж болох нэг ажил нь офицер, ахлагч, ажилтан алба хаагчдыг Цэргийн төв эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт жилд хоёр удаа хамруулж хэвшсэн нь ажилтнаа бодсон ажлын нэг ажээ.
Тус ангид эрхэлсэн ажилдаа эзэн нь болж бусдадаа үлгэр дуурайл үзүүлж, албандаа чин сэтгэлээсээ ханддаг цэргийн алба хаагчид олон. Тухайлбал, дэслэгч Г.Маналжав.

Тэрээр цэргийн хүн, цэргийн эмч болоод удаагүй байгаа хэдий ч албандаа дадсан нэгэн. Коронавирусийн цар тахал гарсантай холбоотойгоор түүний ажил нэмэгдэхийн зэрэгцээ албандаа цаашид олон ажлуудыг хэвшүүлэхээр ажиллаж байгаа гэнэ. Халдварт вирус дэгдэж эхэлснээс хойш урьдчилан сэргийлэх зорилгоор тэрээр өглөө бүр биеийн халууныг хэмжиж, гар ариутгалыг хийснээр ангийн байрлалд нэвтрүүлэн бүхий л албаны өрөө, цэргийн байр, хичээлийн танхимуудад урьдчилан сэргийлэх үзүүлэн, мэдээлэл, сурталчилгааны материалыг байршуулсан ба бие бүрэлдэхүүнийхээ эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөл бололцоог нь бүрдүүлж байна. Мөн биднийг тус ангид байх хугацаанд ЗХЖШ-ын даргын тушаалаар шүдний эмч нар тус ангид ажиллаж байсан юм. Эхний ээлжинд Улаанбаатар цэргийн хүрээний хугацаат цэргийн алба хаагчидтай ангиудад ажиллаж байгаа бөгөөд нэг ангид цэргийн тооноос хамаарч 10-20 орчим хоног болдог гэнэ. Энэхүү ажлыг амны хөндийн эрүүл мэндийг сахин хамгаалах чиглэлээр ЗХЖШ-ын Ар талын газрын Эрүүл мэндийн хангалтын хэлтсээс зохион байгуулж буй бөгөөд тус хэлтсийн мэргэжилтэн, ахлах дэслэгч Н.Эрдэнэбаяр, Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын шүдний эмч, ахмад Г.Өнөржаргал нар томилогдон үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Цэргийн алба хаагчдад амт чанартай, илчлэг сайтай халуун хоол, цайгаар үйлчлэх хариуцлагатай албыг хашдаг албан тушаалтны нэг нь ахлах тогооч, ахлах ахлагч Ю.Ганчимэг юм.

Тэрээр удам дамжсан цэргийн хүн бөгөөд түүний аав дэд хурандаа асан Юмчин тус ангид алба хааж байсан бөгөөд аавынхаа ажиллаж байсан ангид алба хаах боломж олдсонд ихээхэн бэлгэшээдэг аж. Зэвсэгт хүчинд 17 дах жилдээ алба хааж байгаа тэрээр тус ангид нэг жил болж байгаа юм. Энэ хугацаанд тэрээр манай улсад зохион байгуулагддаг олон улсын болон дотоодын хээрийн сургуулиудад ахлах тогоочоор байнга оролцдог бөгөөд 2019 онд зохион байгуулагдсан “Чингэс хааны цом” олон улсын тогооч нарын тэмцээний гурван төрөлд оролцож хоёр төрөлд нь хүрэл медаль хүртэж байсан мэргэшсэн тогооч нарын нэг аж. Эх орноо батлан хамгаалахаар ирсэн олон аавын хөвгүүдэд амт чанартай хоол, цайгаар хангах үүргээ нэр төртэй гүйцэтгэхийн зэрэгцээ сүүлийн үед цэргийн алба хаагчдынхаа дархлааг дэмжих чиглэлээр хоолны орц, чанарт ихээхэн анхаарч ажиллаж байгаа талаар тэр дурдсан.
Мөн тус ангид алба хааж байгаа цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчид ангидаа үргэлжлүүлэн хугацаат цэргийн алба хаагчаас цэргийн гэрээт алба хаагч, цэргийн гэрээт алба хаагчаас ахлагч болж энэ л ангидаа, цаашид Зэвсэгт хүчинд хүчин зүтгэх хүсэл тэмүүлэл дүүрэн явдаг цэргийн алба хаагч олон аж. Тэдний нэг бол дэд түрүүч Т.Тэмүүжин юм. 2019 оны хоёрдугаар ээлжээр тус ангид татагдан ирсэн тэрээр өмнө нь ҮБХИС-ийн “Тэмүүжин-Өрлөг” сургуулийг төгссөн бөгөөд цэргийн албанд багаасаа дурласан нэгэн. Тиймдээ ч цэргийн хэргийн эрдмээр бусдыгаа хошуучлахын зэрэгцээ удирдан зохион байгуулах тал дээр давуу байж салаа, тасгийн бие бүрэлдэхүүнийг байнга уриалж аливаа ажилд идэвхтэй оролцдог талаар хамт олон нь ам сайтай байсан.

Цэргийн албаа нэр төртэй хаагаад ҮБХИС-д элсэлт өгч офицер болох хэтийн зорилго өвөртөлсөн гэнэ. Биеэ зөв авч явах, бие даах чадвар, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, нөхөрсөг байх гээд мөн ч их зүйл сурсан даа, албаа дуусгаад энд сурсан эрдмийнхээ ид шидийг гаргах юм сан хэмээн ярьсан.


Тус анги цөөн тооны цэргийн гэрээт алба хаагчидтай бөгөөд тэднээс хоёр алба хаагч нь Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж байгаа энхийг дэмжих ажиллагаанд оролцох болзлоо хангаад байгаа аж. Үүний нэг нь түрүүч Э.Ванданлхам бөгөөд Өвөрхангай аймгаас 2018 онд хугацаат цэргийн албанд татагдан тус ангид иржээ. Тэрээр хугацаат цэргийн албаа амжилттай хаачхаад өдгөө цэргийн гэрээт албанд элсэж өөрийн мэргэжлийн ур чадвараа ахиулж байгаа нь энэ. Мөн л цэргийн албаны амтанд орж, Зэвсэгт хүчинтэй амьдралаа холбохоор эргэлт буцалтгүй шийдчихээд байгаа нэгэн. Түрүүч Э.Ванданлхам энхийг дэмжих ажиллагаанд оролцох болсноо ангийн хамт олны минь ач гэж бахархал дүүрэн өгүүлсэн. Үнэндээ тийнхүү бахархам амжилт үзүүлэх болсон нь тус ангийн хамт олны хичээл зүтгэл, захирагч, дарга нарын бэлтгэл сургуулилтын гавьяа хэмээн үнэлэхээс өөр аргагүй. Мөн тэрээр цааш хэлэхдээ энэхүү цэргийн гэрээт алба бидэнд маш олон боломжийг олгож байгаа. Цалин авна, дээр нь ажлын найман цагт ангидаа цагийн хуваарийн дагуу сургалт бэлтгэлдээ хамрагдаад бусад цагт нь байнгын бүрэлдэхүүний нэгэн адил гэр лүүгээ харьдаг. Мөн амралтын өдрийг гэртээ өнгөрүүлдэг гээд олон давуу тал байгаа. Тиймээс залуусаа цэргийн гэрээт албанд ирэхийг уриалж байна гэсэн.
Цэргийн анги гэдэг ийм л их ажил өрнөж олон аавын хүү, ээжийн охидыг эрдэм мэдлэг, амжилт бүтээлийн их үйлсэд урин дуудах бөгөөд бум бужигнаж, түм түжигнэсэн газар. Ийм л их ажил үйлсийн уурхай болсон Зэвсэгт хүчний нэгэн ангийн эгэлхэн бие бүрэлдэхүүний үйл хэрэг улам бүр өөдрөг байхын ерөөл өргөе.

Эх сурвалж: "Соёмбо" сонин, хошууч Д.Оюунгэрэл

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 107