БНМАУ-ын баатар, Монгол Улсын маршал Хорлоогийн Чойбалсангийн нэрэмжит, Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт, эгнээнээсээ 10 баатар төрүүлсэн алдар түүхт Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлд 2021 оны намар хугацаат цэргийн албанд татагдан ирсэн шинэ цэргүүдийн Цэргийн тангараг өргөх ёслол боллоо. Арга хэмжээнд ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг, Хуурай замын цэргийн командлалын ЦССХХ-ийн дарга, хурандаа Т.Тогмиддүүмий, Төв аймгийн Засаг даргын орлогч Г.Сурмаа, тус аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Т.Төмөрчөдөр нарын төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлагууд, Зуунмод, Эрдэнэсант, Заамар, Баянчандмань, Лүн, Угтаалцайдам сумын Засаг даргын Тамгын газрын дарга нар оролцлоо.
Энэ үеэр Төв аймгийн Засаг даргын “Хүндэт жуух” болоод гарын бэлгийг цэргийн анхан шатны бэлтгэл сургалтыг амжилттай гүйцэтгэсэн зарим хугацаат цэргийн алба хаагчдад хүртээхийн зэрэгцээ нэгтгэлийн бэлэн байдлыг хангах үйл ажиллагаанд зарцуулагдах 10 сая төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг гардуулан өглөө. Тангараг өргөх ёслолын арга хэмжээний төгсгөлд хугацаат цэргийн алба хаагчид жагсаалын болон гардан тулааны үзүүлбэрээ толилуулж, шигшигдмэл урлагийн тоглолтоо үзэгч олноо өргөн барилаа. Мөн хүчит 32 бөхийн барилдаанд Баян-Өнжүүл сумын байлдагч Алтаншагай түрүүлж, Заамар сумын байлдагч Уртнасан нар үзүүрлэв.
Энэ жилийн Цэргийн тангараг өргөх ёслолын арга хэмжээг цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан "Google meet"-ийг ашиглан дайчдын ар гэрийнхэнд дамжуулсан бөгөөд баярын үйл ажиллагааны гэрэл зураг, бичлэгийг талархлын захидалтай хамт удахгүй ар гэрийнхэнд нь хүргэж өгнө.
Хошууч Д.Долгоржав (Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл)