• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЦЭЦЭН БУУГАА МӨРЛӨСӨН ЦЭРЭГ ЭРС ЖАВХААТАЙ БАЙНА
Нийтэлсэн: 2021-11-24 15:57:43
Үзсэн: 388

ЦЭЦЭН БУУГАА МӨРЛӨСӨН ЦЭРЭГ ЭРС ЖАВХААТАЙ БАЙНА
Нийтэлсэн: 2021-11-24 15:57:43 Үзсэн: 388



    Зэвсэгт хүчиндээ 2021 оны намар хугацаат цэргийн алба хаахаар ирсэн залуус өнөөдөр хөөрч баярлаад тун завгүй өнжиж байна. Маргааш буюу 11 дүгээр сарын 25-ны өдөр Монгол цэргийн сүр хүч, тэмцэл ялалтын билэгдэл болсон аранзал улаан тугийн дор цэцэн буугаа мөрлөсөн цэрэг эрс жигдрэн жагсахаар бэлтгэлээ эцэслэн базааж байгаа нь энэ. Зэвсэгт хүчний нэгтгэл, анги бүрт эх орныхоо дуудлагаар ирсэн олон мянган залуус өнгөрсөн 10 дугаар сараас хойш цэргийн албаны анхан шатны бэлтгэл сургалтад хамрагдаж, эх орондоо үнэнчийн баталгаа болсон Цэргийн тангаргаа өргөх гэж байна.

    Зэвсэгт хүчний 186 дугаар анги гэхэд ангийн захирагчаасаа байлдагчаа хүртлээ догдлон байх юм. Тус ангийн Сургалтын төвийн I ротын захирагчаар томилогдон ажиллаж буй ахлах дэслэгч Б.Хээруугаа дайчдаа алхаа, хараа нийлүүлэн эрч хүч, цог золбоотой алхахыг дайчдадаа алхам тутамдаа захиж харагдана. Ахлах дэслэгч Б.Хээруугаагийн хэлснээр Зэвсэгт хүчний 186 дугаар анги нь 2021-2022 оны сургуулийн жилийн сургалтын төлөвлөгөөний дагуу 2021 оны намар цэргийн албанд татагдан ирсэн хугацаат цэргийн алба хаагчдын “Цэргийн мэргэжил олгох сургалт”-ыг цэргийн дүрэм, тактикийн бэлтгэл, сэтгэл зүй, ёс зүй, хууль эрх зүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, галын бэлтгэл гэсэн хичээлээр амжилттай зохион байгуулж явуулжээ. Сургалт, бэлтгэлийг ангийн захирагчийн баталсан “Долоо хоногийн товч”, “Өдөр тутмын цагийн хуваарь”-ийн дагуу өдрийн 10 цаг онол болон дадлагын хэлбэрээр явуулсан байна.

“Бидний сургалт бэлтгэлийн ач холбогдол нь шинээр ирээд удаагүй байгаа дайчдад цэргийн хэргийн анхан шатны мэдлэгийг зөв олгож, ангийн дотоод журам, өдөр тутмын цагийн хуваарь, долоо хоногийн товчийг танилцуулж, Монгол Улсын цэргийн нийтлэг дүрмүүдэд заагдсан дүрэм журам, эрх, үүргийг ойлгуулан таниулах, цэргийн алба хаагчдын хоорондын харилцаа, ёсолж хүндлэх, алхаж гишгэх, галт хэрэглэлтэй харьцах талаар цогц ойлголт өгөхөд оршиж байна” гэж тэрээр нэмж тодотголоо.

Энэ жил Сургалтын төвд үүрэг гүйцэтгэж буй салааны захирагч, салааны ахлагч нарын хувьд 2-3 жилээс дээш хугацаат цэргийн алба хаагчидтай дүрмийн дагуу харьцаж, хичээл сургалтыг чанартай зохион явуулж ирсэн дадлага туршлагатай цэргийн алба хаагчид ажээ.

Шинээр ирсэн дайчид сэтгэл зүй болоод ёс зүйн хувьд харьцангуй төлөвшсөн, тогтвортой, цэргийн алба хаах хүсэл эрмэлзэл дүүрэн байгаа нь цэргийн албанд хурдан дасах, цэргийн хэргийн мэдлэгийг богино хугацаанд чанартай олж авахад сайнаар нөлөөлсөн байна.

Цэргийн тангаргийг чанга дуугаар байн байн унших байлдагч Б.Одгэрэлийн сэтгэгдлийг хуваалцахад "Байлдааны гавьяаны Улаан тугийн болон Алтан гадас одонт, БНМАУ-ын маршал Г.Дэмидийн нэрэмжит Зэвсэгт хүчний 186 дугаар ангид хугацаат цэргийн алба хаах болсондоо бахархалтай байна. Цэрэгт ирээд олон аавын хөвгүүдтэй мөр зэрэгцэн цэргийн албаны бүх зүйлсийг цагийн хуваарийн дагуу хийж гүйцэтгэн, эртэч, хурдан шаламгай, цэвэрч нямбай, өөрийгөө бус нөхдөө бодох зан, бүгдийг хамтдаа хийх, эр хүний тэсвэр хатуужилтай зан чанар, аливаа зүйлсийг эерэгээр харах, улс орныхоо тусгаар тогтнолын үнэ цэн, эх орноо хайрлан хамгаалах сэтгэлтэй болж төлөвшиж байгаадаа маш их баяртай. Энэ бол миний насан туршийн минь бахархал. Амьдралын минь зам мөрийг тэгшлэх зан харилцаа, хандлагыг би энэ цэргийн албанаас авч байгаадаа талархаад баршгүй” хэмээсэн нь сонсож зогсоо надад ямар сайхан сэтгэгдэл төрүүлж байсан гээч. Зэвсэгт хүчний ирээдүй өдрөөс өдөрт гэрэлтэж байна...

Ахлах дэслэгч Г.ЭРДЭНЭБАТ (Зэвсэгт хүчний 186 дугаар анги)

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 120