Зэвсэгт хүчний 234 дүгээр ангиас иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх хүрээнд орон нутгийн төрийн байгууллагатай нягт хамтран ажиллаж байна. Энэ сарын эхний арга хэмжээ нь Булган аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран зохион байгуулсан “Гэр бүлийн өдөрлөг” байв. Өдөрлөгөөр тус газрын мэргэжилтнүүд “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”, “Хүүхдийн хүмүүжил”, “Гэр бүлийн боловсрол” сэдвээр мэдээлэл өгч, төгсгөлд нь хөгжөөнт тэмцээн явуулсан юм.
Мөн 2021-2022 оны сургуулийн жилийн сургалтын төлөвлөгөөний дагуу ангийн бие бүрэлдэхүүний дунд явагдсан гар бөмбөгийн тэмцээнд дэслэгч Б.Сугаррагчаа, ахлагч Л.Манлайбаяр, дэслэгч Х.Багабанди ахлагчтай багууд эхний байрт шалгарч, шагнагдав.
“Төрийн захиргааны албан хаагчдын өдөр”-ийг угтсан “Итгэл даах төрийн алба” аяны хүрээнд Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны төрийн байгууллагуудын дунд гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн мөн явагдав. Энэ нь төрийн албан хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, нөхөрсөг харилцааг бэхжүүлэх зорилготой юм. Тэмцээнд оролцсон төрийн байгууллагуудын эрэгтэй тамирчдын төрөлд Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн баг тэргүүлж, “Ахмадын золбоо”, Онцгой байдлын 50 дугаар ангийн багууд удаах байрт шалгарлаа. Эмэгтэйчүүдийн төрөлд улсын тэргүүний “Хараацай” цэцэрлэгийнхэн манлайлж, Хялганат тосгоны Захирагчийн ажлын алба болон Спорт цогцолборынхон удаалсан юм.
Дэслэгч Ч.Оюунчимэг (Зэвсэгт хүчний 234 дүгээр анги)