• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЦАЦРАГ, ХИМИ, БИОЛОГИОС ХАМГААЛАХЫН ЦЭРЭГ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 85 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!
Нийтэлсэн: 2021-06-28 09:44:42
Үзсэн: 62

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЦАЦРАГ, ХИМИ, БИОЛОГИОС ХАМГААЛАХЫН ЦЭРЭГ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 85 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!
Нийтэлсэн: 2021-06-28 09:44:42 Үзсэн: 62



     Эрхэм генерал, офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, ажилтан албан хаагчид, дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчид, эх орноо батлан хамгаалах үйлсэд эрдэм ухаан, хөдөлмөр зүтгэлээ зориулсан бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид Та бүхэндээ Зэвсэгт хүчний химийн цэргийн түүхт 85 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье!

     Эдүгээгээс 85 жилийн тэртээ БНМАУ-ын Цэргийн явдлын яамны сайд бөгөөд Бүх цэргийн жанжны 1936 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 101 дүгээр тушаалаар Монгол Ардын Хувьсгалт Цэргийн үндсэн нэгтгэлүүдэд химийн салаадыг байгуулан орон тоо, хими хамгаалалтын техник, эд хэрэгслээр нөхөн хангаж, тусгай мэргэжлийн сургалт бэлтгэлийг явуулж эхэлснээр Химийн цэрэг хэмээх шинэ төрөл мэргэжлийн цэрэг бий болсон түүхтэй. Энэхүү ойн баяр нь Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100, Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын 110, орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ой зэрэг түүхэн тэмдэглэлт баяр тохиосон жил болж буйгаараа онцлогтой.Тиймээс химийн цэргийн үүсэл, хөгжил, дайчин уламжлал, бүтээлч үйл ажиллагаа нь Зэвсэгт хүчний хөгжлийн бүхий л үе шаттай салшгүй холбоотой бөгөөд түүхэнд тэмдэглэгдэх бахдам үйлс, бахархам гавьяагаараа бусад төрөл мэргэжлийн цэрэгт бодит үлгэр дуурайл үзүүлсээр ирсэн баялаг туршлагатай билээ.

    Зэвсэгт хүчний Химийн цэрэг нь 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайнд химийн хангалтын үүргийг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж ирсний дээр энх цагийн өнөөгийн нөхцөлд үй олноор хөнөөх зэвсгээс хамгаалах, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, бие бүрэлдэхүүнийг сурган дадлагажуулах, үйлдвэрлэлийн осол, хүн, малын гоц халдварт өвчин, байгалийн гамшгаас хүн ам, эд баялгийг авран хамгаалах, хор уршгийг нь арилгах үйл хэрэгт жинтэй хувь нэмэр оруулсаар байна.

     Тэрчлэн 1996 оноос Нидерландын Вант Улсын Гаага хотноо Нобелийн Энх тайвны шагнал хүртсэн Химийн зэвсгийг хориглох олон улсын байгууллагын шинжээчээр бригадын генерал М.Хүрлээ, хурандаа З.Нармандах, Д.Эрдэнэцогт нар үүргээ амжилттай гүйцэтгэн, НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын цэргийн ажиллагаанд анхлан үүрэг гүйцэтгэгчдийн тоонд химийн мэргэжлийн офицер, ахлагч нар зүй ёсоор тооцогдож, даян дэлхийд энх амгаланг тогтоох үйл хэрэгт идэвхийлэн оролцсоор байгааг бид өндрөөр үнэлдэг юм. Зэвсэгт хүчний Химийн төрөл мэргэжлийн цэргээс 1921 оны Ардын хувьсгалын партизан, Химийн цэргийн анхны дарга П.Нямхүү, 1939, 1945 оны дайнд оролцсон хурандаа Я.Жамц, С.Гомбодорж, дэд хурандаа С.Дагва нарын олон арван ахмад дайчин, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор, профессор, хурандаа Ш.Паламдорж, Үйлчилгээний гавьяат ажилтан, доктор, хурандаа П.Дамдин, хошууч генерал Ж.Дашзэвэг, Ч.Самбуу, хурандаа Д.Налжир, Р.Даваа, Ш.Банзрагч, Н.Чимэд, С.Пүрэвдорж, Д.Нарантулга, П.Цогтбаатар нарын олон алдартан төрснийг баярын энэ өдөр онцлон тэмдэглэе. Өнөөгийн химийн цэргийн анги, салбарууд нь гадаад, дотоод цэргийн их, дээд сургууль төгссөн мэргэжлийн бүрэлдэхүүнээр бүрэн хангагдсан, тусгай тоноглолтой техник хэрэгслийн үүрэг гүйцэтгэх боломж, тэдгээрт ажиллах бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадвар үлэмж нэмэгдсэн, энхийг дэмжих ажиллагаа болон олон улсын сургалт, дадлагад амжилттай оролцон үүрэг гүйцэтгэх дадлага, туршлагыг ихээр хуримтлуулсан, цаг улирал, цагийн байдлын ямар ч нөхцөлд тавигдсан үүргийг нэр төртэй гүйцэтгэх чадавх дээшилсэн зэрэг амжилтуудаар түүхт ойгоо угтаж байна.

    Цаашид ч төрийн цэргийн шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх, Зэвсэгт хүчний хуулиар хүлээсэн үндсэн болон бусад үүргүүдийг амжилттай гүйцэтгэх, химийн мэргэжлийн анги, салбаруудын үүрэг гүйцэтгэх боломж, бие бүрэлдэхүүний мэдлэг, дадлага, ур чадварыг улам нэмэгдүүлэх, сургалт бэлтгэлийн чанарыг ахиулах, цэргийн алба, сахилга, дэг журмыг бэхжүүлэх, ахуй хангалт, ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зэрэг бүтээлч үйл ажиллагаанд бодит дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах болно. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үе нь химийн цэргийн гүйцэтгэх үүрэг, оролцоо, ач холбогдлыг улам бүр нэмэгдүүлж буйг онцгой анхаарч, иргэдийг цар тахлын аюулаас хамгаалах үйлсэд өөрийн мэдлэг, дадлага, туршлагадаа тулгуурлан үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна.

   Түүхт ойг тохиолдуулан бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид, химийн цэргийн нэр хүндийг өндөрт өргөж яваа генерал, офицер, ахлагч, ажилтан албан хаагчид, цэргийн гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч нартаа дахин баярын мэндчилгээ дэвшүүлж, ажил, албаны арвин их амжилт, амьдралд тань аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг бэлгэдэн ерөөе.

Монгол цэргийн яруу алдар, сүр хүч, сүлд хийморь мандан бадрах болтугай!

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА, ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 120