• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

Хурандаа О.Эрдэнэбаатар: МИНИЙ СЭТГЭЛ ЗҮРХ ЗЭВСЭГТ ХҮЧИНТЭЙГЭЭ ҮРГЭЛЖ ХАМТ БАЙХ БОЛНО
Нийтэлсэн: 2021-05-28 09:27:55
Үзсэн: 301

Хурандаа О.Эрдэнэбаатар: МИНИЙ СЭТГЭЛ ЗҮРХ ЗЭВСЭГТ ХҮЧИНТЭЙГЭЭ ҮРГЭЛЖ ХАМТ БАЙХ БОЛНО
Нийтэлсэн: 2021-05-28 09:27:55 Үзсэн: 301



Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалаас орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тохиолдуулан төрийн одон, медаль гардуулах, Цэргийн тангараг давтах, цэргийн алба хаасны тэтгэвэрт гарч байгаа офицерууд Байлдааны туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээг өнөөдөр зохион байгуулж явууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн гавьяаны одон”-гоор Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн ахлагч, тэргүүн ахлагч Д.Мөнхбаяр, Цэргийн сургалт, соёл хүмүүжлийн хэлтсийн мэдээлэл, соёл хүмүүжлийн офицер, дэд хурандаа Б.Золзаяа, “Зэвсэгт хүчин-100 жил” медалиар Удирдлага, төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа О.Эрдэнэбаатар, Инженерийн дарга, хурандаа С.Содов, Цэргийн сургалт, соёл хүмүүжлийн хэлтсийн ахлах офицер, хурандаа Т.Тогмиддүүмий, Захиргааны удирдлагын хэлтсийн тушаал, шийдвэрийн хэрэгжилт хариуцсан офицер, дэд хурандаа С.Жаргалсайхан, Хүний нөөцийн хэлтсийн нөхөн хангалтын офицер, дэд хурандаа П.Чинзориг, хошууч Э.Эрдэнэбаатар нарын бүрэлдэхүүн шагнагдлаа.

Батлан хамгаалахын сайдын тушаалаар “Дайчин алдар II” медалиар Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн гал түймэр унтраах салааны жолооч, ахлах ахлагч Э.Батбаяр, “Эх орны төлөө III” хүндэт тэмдгээр тус командлалын Хангалт үйлчилгээний тасгийн компьютер, сүлжээний техникч, ахлагч Э.Нямтөр, Удирдлагын байрын ротын авто, техник засварын тасгийн жолооч, ахлах ахлагч Б.Баттулга нар шагнагдсаныг Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр гардуулан өгч, баяр хүргэсэн юм.

Мөн энэ үеэр цэргийн алба хаасны тэтгэвэрт гарч буй Удирдлага, төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа О.Эрдэнэбаатар, Цэргийн сургалт, соёл хүмүүжлийн хэлтсийн мэдээлэл, соёл хүмүүжлийн офицер, дэд хурандаа Б.Золзаяа, Хангалт үйлчилгээний тасгийн дарга, дэд хурандаа Г.Гантуяа нар Байлдааны туганд хүндэтгэл үзүүлсэн юм. Үүний дараа хурандаа О.Эрдэнэбаатар бэлтгэл офицеруудыг төлөөлж хэлсэн үгэндээ “Зэвсэгт хүчиндээ 34 жил алба хаалаа. Эргээд бодоход завгүй бөгөөд уйгагүй хөдөлмөрлөж, хичээсэн цаг хугацаа, залуу насаа бахархал болсон сайхан албандаа зориулсан байна. Ажлын гараагаа 34 жилийн өмнө Ардын Армийн 132 дугаар ангиас шинэхэн дэслэгч эхлүүлж байлаа. Өнөөдөр харин удирдлага, журмын нөхдийнхөө өмнө тэтгэвэрт гаргахаар Байлдааны тугандаа хүндэтгэл үзүүлж байна. Сүүлийн таван жил Хуурай замын цэргийн командлалдаа томилогдон ажиллахдаа цэргийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг төгөлдөржүүлэх, бичиг баримтуудыг боловсруулах, ажил үйлсийг нь бэхжүүлэх эрхэм үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулсандаа баяртай байна. Хүн хэрэв хоёр зүрхтэй байсан сан бол миний нэг зүрх цэрэг дайчид, Зэвсэгт хүчнээрээ “амьсгалах” байсан байх аа. Одоо ч миний сэтгэл зүрх Зэвсэгт хүчнээ хайрлаж, бахархах, хүндлэх сэтгэлээр дүүрэн байна. Та бүхнийхээ эх орноо батлан хамгаалах их үйлсэд нь өндөр амжилт хүсье. Монгол цэргийн сүлд хийморь үеийн үед мандан бадрах болтугай” гэсэн юм.

 

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 118