• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 234 ДҮГЭЭР АНГИ ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР ШАГНАГДЛАА
Нийтэлсэн: 2021-05-10 09:08:49
Үзсэн: 75

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 234 ДҮГЭЭР АНГИ ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР ШАГНАГДЛАА
Нийтэлсэн: 2021-05-10 09:08:49 Үзсэн: 75



     Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Зэвсэгт хүчний 234 дүгээр анги Цэргийн гавьяаны одонгоор шагнагдлаа. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга гардуулан өгч баяр хүргэсэн юм. 

Зэвсэгт хүчний 234 дүгээр анги нь энэ жил 40 жилийнхээ ойтой золгож байгаа бөгөөд Батлан хамгаалахын яамны сайдын 1981 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 088 дугаар тушаалаар Улаанбаатар хотын Гачуурт тосгоны орчим “Хар усан тохой” гэдэг газар Десант ус гатлалтын тусгай батальон нэртэйгээр анх байгуулагдсан юм.

Батлан Хамгаалах Яамнаас тус ангийн байнгын байрлалыг тогтоож өгснөөр 1981 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ мөрний хөвөөнд Хялганат тосгоны “Цулхар-Дугана” гэдэг газар шилжин байрлаж, орон тооны зэвсэглэл техниктэйгээр үйл ажиллагаа эхэлсэн түүхтэй.

Тус анги нь 1984 онд Халх голын байлдааны ялалтын 50 жилийн ойг угтсан ажлаар ангийн байрлалаас 1545 км-ийн марш үйлдэж, Халх голд 67 метр хөвүүр гүүр тавьж, баярын үйл ажиллагаанд оролцсон төлөөлөгчдөд үзүүлэх сургууль зохион байгуулж байсан юм. Мөн 1986-1989 онуудад үер усны аюулаас ард иргэдийн амь нас, өмч хөрөнгийг авран хамгаалах үйлсэд идэвхтэй оролцож даалгасан үүргийг амжилттай биелүүлж ирсэн. 1988 оны 04 дүгээр сард Эрдэнэт хотын Уулын баяжуулах үйлдвэрийн хиймэл нуурын цамхаг унаж үйлдвэрийн ажиллагаа зогссон ноцтой аваар гарахад авран туслах бүлэг гарч сэргээн засварлах ажилд оролцож байсан.

1996 онд Булган аймгийн Тэшиг суман дахь хилийн отрядын заставуудыг өргөтгөн зохион байгуулахад дэмжлэг үзүүлж Эгийн гол дээр 20 тоннын даацтай 119 м хөвүүр гүүр тавьж байсан.

1994 оны 08 дугаар сар, 1999 оны 06 дугаар саруудад Булган, Сэлэнгэ аймгийн нутагт явагдсан иргэний хамгаалалтын иж бүрэн сургуульд тус анги тайван цагийн орон тооны бүрэлдэхүүнээрээ оролцож, Орхон гол дээр 96 м хөвүүр гүүр тавьж, усны аюул тохиолдсон үед ард иргэдийг авран туслах үйл ажиллагаа сэдэвт үзүүлэх сургуулийг зохион байгуулж явуулсан.

2001 оны 08 дугаар сард Сэлэнгэ мөрөн дээр “Мотобуудлагын анги салбаруудыг усан саадаар байлдаантайгаар гаталгах ажиллагаа” сэдвээр явагдсан үзүүлэх сургуульд оролцож 119 м хөвүүр гүүр тавьсан.

2016 онд Архангай аймгийн Тариат сумын Хойд Тэрхийн гол дээр хөвүүр гүүр дэлгэж үүрэг гүйцэтгэсэн.

2017 онд Булган аймгийн Сэлэнгэ сумын нутагт Сэлэнгэ мөрний 2 салаанд 40 тн-ын даацтай хөвүүр гүүрийг тус тус дэлгэж, 437 м урт төмөр бетонон гүүр барих ажилд тус тус дэмжлэг үзүүлж ажилласан.

2019 онд “ Хааны эрэлд-2019” олон улсын хамтарсан хээрийн сургуулийн усны сургалтыг ангийн сургалтын төвд зохион байгуулсан.

2019 онд “Инженерийн формула-2019” олон улсын тэмцээнд амжилттай оролцож, тусгай байрт шалгарсан. 

Хуулиар хүлээсэн үндсэн үүргээ амжилттай хэрэгжүүлж, усчин дайчдын яруу алдрыг бадруулж өдгөө түүхт 40 жилийн ойн босгон дээр “Цэргийн гавьяаны одон”-оор ийн ийнхүү шагнагдлаа.

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛ

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 118