• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 234 ДҮГЭЭР АНГИЙН ХӨГЖИМЧДИЙН УР ЧАДВАР НЭМЭГДЭЖ БАЙНА
Нийтэлсэн: 2021-05-06 16:01:13
Үзсэн: 604

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 234 ДҮГЭЭР АНГИЙН ХӨГЖИМЧДИЙН УР ЧАДВАР НЭМЭГДЭЖ БАЙНА
Нийтэлсэн: 2021-05-06 16:01:13 Үзсэн: 604



   Зэвсэгт хүчний 234 дүгээр анги 2020 онд шинэ бүтэц, орон тоонд шилжин, улмаар 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр ангийн үлээвэр найрал хөгжмийн салаанд орон нутгийн иргэдээс сонгон шалгаруулж, зохих сургалт, хичээлд хамруулснаар өнөөдөр тэд ангидаа үүргээ амжилттай гүйцэтгэж байна. Үлээвэр найрал хөгжим нь урт хугацааны дадлага, мэргэжил, ур чадвар шаарддаг ч өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан тэдгээр хөгжимчдийг бэлтгэсэн бөгөөд одоо ч сургалтыг үргэлжлүүлж буй. Өөрөөр хэлбэл энэхүү хөл хорионы үед хөгжимчид дадлага болон онолын хичээлүүдэд цахимаар тогтмол хамрагдаж, ангийнхаа цэргийн ёслол, хүндэтгэлийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаагаас гадна тэдний зайлшгүй анхаарч, дээшлүүлэх ёстой зүйлсийн нэг болох цэргийн хэргийн мэдлэгт суралцаж байна. Тиймээс өдөр тутмын цагийн хуваарьт үйл ажиллагаандаа цэргийн сургалт бэлтгэлийг үе шаттайгаар төлөвлөн, хичээл сургалтад тогтмол хамрагдаж байгаа юм. Цаашид төрийн болон цэргийн ёслол, хүндэтгэлийн ажиллагаанд оролцож, хөгжмийн урлагийг сурталчлан таниулах, иргэд, хүүхэд, залуучуудад гоо зүйн хүмүүжлийг олгох эрхэм үүрэг ойртсоор байгаа билээ.

Мөн рот, салааны захирагч нартай хийх “Зөв төлөвшил, зөв хүмүүжил” сэдэвт зөвлөгөөнийг өнгөрсөн сарын 26-27-ны өдрүүдэд амжилттай зохион явууллаа. Зөвлөгөөний хүрээнд рот, салааны захирагч нарт харилцаа хандлага, хүний эрх сэдвийн хүрээнд олон илтгэл тавьж, харилцан ярилцав. Зөвлөгөөний үйл ажиллагааг нээж Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааны талаар ангийн захирагч, хурандаа Ц.Батхүү танилцуулж, Захирагчийн орлогч, захиргааны удирдлагын тасгийн дарга, хошууч Э.Эрхэмбаяр “Монгол бахархал”, “Монгол хүн байхын учир”, “Архи тамхины хор уршиг, түүнээс гарч болох сөрөг хүчин зүйлс”, “Нийгмийн харилцаа ба цэргийн алба хаагчийн ёс зүй”, Хүний нөөцийн офицер, дэслэгч Г.Батзориг “Хүний эрх болон цэргийн алба хаагчдын хуулиар хязгаарласан эрх”, Ажиллагааны офицер, ахмад Д.Цэндбаяр “Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга зам”, Албаны дарга-сургалтын офицер, ахлах дэслэгч Г.Симбажав “Цэргийн сургалт бэлтгэлд сургалт шинэлэг, арга хэлбэр, технологийн дэвшил, шинэ бүтээл, оновчтой санал, туршлагыг нэвтрүүлэх арга зам”, ХГР-ын соёл хүмүүжлийн зааварлагч, энгийн Ч.Оюунчимэг “Цэргийн алба хаагчдын сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлүүд, тэдгээрийг бууруулах арга зам” сэдвээр яриа танилцуулга хийлээ. Зөвлөгөөний төгсгөлд хөтөлбөрийн дагуу томилогдсон бүрэлдэхүүн “Цэргийн алба хаагчдын ёс зүй, төлөвшил, тавигдаж буй шаардлага”, “Хүнтэй ажиллах арга барил”, “Ахлагчийн албаны байдал, цаашдын чиг хандлага”, “Цэргийн албанд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлс, түүний үр дагавар” сэдвээр яриа танилцуулга хийж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Салбарын офицеруудын цэргийн сургалт бэлтгэлийг төлөвлөх, удирдан явуулах, заах арга зүйн төлөвшил, зөв хандлага, хүмүүжилтэй иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэсэн энэхүү хоёр өдрийн зөвлөгөөний дараа “Хандлагаа өөрчилж, бусдадаа үлгэрлэе” уриалгыг дэвшүүлж, тус уриалгыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.

Ч.Оюунчимэг (Зэвсэгт хүчний 234 дүгээр анги)

Эх сурвалж: "Соёмбо мэдээ" цахим сонин

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 118