• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ИХ ГОВИЙН ГАРНИЗОНЫХНЫ АЖИЛ ҮЙЛС ӨӨДӨӨ БАЙНА
Нийтэлсэн: 2020-04-25 06:33:15
Үзсэн: 989

ИХ ГОВИЙН ГАРНИЗОНЫХНЫ АЖИЛ ҮЙЛС ӨӨДӨӨ БАЙНА
Нийтэлсэн: 2020-04-25 06:33:15 Үзсэн: 989



     Зэвсэгт хүчний 336 дугаар анги нь Цэргийн яамны сайд, Хувьсгалт цэргийн зөвлөлийн тэргүүлэгч, Бүх цэргийн жанжны 1932 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн тушаалаар 6 дугаар морьт дивиз нэртэйгээр анх байгуулагдсан түүхтэй. 1934 онд жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит болж, 1939 онд Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан бөгөөд 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайнд цохилтын гол чиглэлд үүрэг гүйцэтгэсэн дайчин түүхтэй анги юм. Мөн “Хэрлэн-73”, “Говь-77”, “Найрамдал-79” зэрэг тухайн үедээ Ази тивийнхээ хэмжээнд томоохонд тооцогдох хээрийн сургуульд амжилттай оролцож байжээ. Мөн ОХУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтарсан “Сэлэнгэ-2017” хээрийн сургуульд үүргээ амжилттай гүйцэтгэсэн.

     Тус анги 2019-2020 оны сургуулийн жилд Зэвсэгт хүчний Жанжин штаб, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалаас дэвшүүлж буй зорилго, зорилтууд, орон нутгийн засаг, захиргаанаас хэрэгжүүлж буй зарим хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад оролцох, улс орны бүтээн байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлэх зэрэг агуулгаар зорилго, зорилтуудаа тодорхойлон үйл ажиллагаагаа явуулж байна. Тухайлбал, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалаас 2020 оныг “Штабын бэлтгэлийг сайжруулах жил” болгон зарласны дагуу “Тактикийн шуурхай удирдлагын төв”-ийг байгуулан штабын бэлтгэл, төлөвлөгөөт дадлагуудыг цаг хугацаанд нь зохион байгуулж байгаа бөгөөд стратегийн команд штабын сургуульд амжилттай оролцжээ.

    Мөн зэвсэглэл, техникийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, бэлэн байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр дотооддоо ажлын хэсэг байгуулж нэлээд ажлыг гүйцэтгэснээс гадна Зэвсэгт хүчний Жанжин штабаас томилогдсон засварын бүлэгтэй хамтран ажиллаж, заавар, зөвлөгөө авч байгаа аж.

      Ажил албандаа хоёргүй сэтгэлээр зүтгэхэд ая тухтай орчин, ажиллаж, амьдрах нөхцөл хамгийн чухал. Тохижилтын ажлаас онцолбол, 30 сая төгрөгийн үнэ бүхий дизель станц, 39,2 сая төгрөгийн хувцас хатаагч машин, бүрэн автомат угаалгын машин, гал тогооны 15 нэр төрлийн 18,4 сая төгрөгийн үнэ бүхий цахилгаан тоног төхөөрөмж зэргийг суурилуулсан, хоол боловсруулах заалны агааржуулалтын системийг бүрэн шинэчилсэн, “Дайчин алдрын танхим”-ыг тохижуулсан гээд тоочвол олон ажлыг дурдаж болно. Харин алба хаагчдын хувьд орон сууцны хүрэлцээ тун тааруу. 2020 онд Батлан хамгаалахын сайд Дорноговь аймгийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээ байгуулахдаа ашиглагдаагүй удсан 58 айлын орон сууцыг хоёр талаасаа хөрөнгө гарган ашиглалтад оруулж ангийн бие бүрэлдэхүүнийг тус байранд суурьшуулахаар тохиролцсон аж. Уг ажил хэрэгжвэл бие бүрэлдэхүүний өмнө тулгамдаж буй нийгмийн хамгааллын гол асуудлыг шийдвэрлэж чадлаа гэсэн үг. Тиймээс ангийн хамт олон их найдлага тавин хүлээж байгаа аж.

      Ангийн захирагч, хурандаа А.Болдбаатар “Манай хамт олон 2018-2019 оны сургуулийн жилд “Ухамсрын албыг төлөвшүүлэх” уриаг дэвшүүлж, зорилго, зорилтоо хангасан бол 2019-2020 оны сургуулийн жилд “Хэн ч бидэн шиг мэргэжлийн байж чадахгүй” уриаг дэвшүүлэн албан тушаалтан бүрийг ажлын байрны тодорхойлолт, хуулиар хүлээсэн болон цэргийн нийтлэг дүрмүүдэд заагдсан бусад үүргээ мадаггүй биелүүлж чаддаг, бие биеэ орлон ажиллах чадвартай байхад чиглүүлэн ажиллаж байна. Энэхүү урианы хүрээнд албадын дарга, салбарын захирагч нарын мэдлэг, чадвар, гар нийлэмжтэй ажиллагаа, бүтээлч, санаачилгатай байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн төрөл бүрийн ажлуудыг зохион байгуулж байгаа бөгөөд тэдний идэвх, оролцоо өндөр байна. Мөн нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд гэр бүлээрээ тус ангид ажилладаг, бага насны хүүхэдтэй өрхүүдийг дэмжиж орон нутгийн сургууль, цэцэрлэгийн захиргаатай хамтран ажлын цагт нь өөрчлөлт оруулах, бие бүрэлдэхүүнийг уралдаан, тэмцээн, хурал, зөвлөгөөнд идэвхтэй хамруулах болон хүүхдийнх нь төрсөн өдрөөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгох зэрэг ажлыг санаачлан орон нутгийн аж ахуйн нэгжүүдэд бас уриалга хүргүүлсэн. Энэ нь ч иргэдийн талархлыг хүлээсэн ажил болсонд бид бүхэн баяртай байгаа.

      Түүнчлэн бие бүрэлдэхүүнээс төмөр замын бүтээн байгуулалтын ажил болон энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх, шаардлагатай тохиолдолд гэр бүлийн хүнийг нь ажлын байраар хангахад дэмжлэг үзүүлсээр ирсэн. Гадаад, дотоодын цэргийн академи, сургууль, дамжаануудад боломжийн хэрээр суралцуулдаг. Харин үлдсэн бие бүрэлдэхүүн маань тэднийхээ ар талыг дааж байгаа нь хамт олныхоо эрэлт хэрэгцээг хангаж, нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэж байгаагийн нэг илрэл юм. Үүнээс гадна агуулахын зориулалтаар ашиглаж байсан хоёр давхар барилгыг бүрэн засварлан төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оролцож буй "Монголын төмөр зам", "Таван толгой төмөр зам" компаниудын ажилтнуудад хүлээлгэж өгсөн нь тэдний ая тухтай орчинд ажиллах нөхцөлийг нь бүрдүүлсэн гол ажил болсон. Түүнчлэн тус ангид байрлан бүтээн байгуулалтын ажилд үүрэг гүйцэтгэж байгаа зарим анги, байгууллагын алба хаагчдын ажиллаж, амьдрах нөхцөлийг нь бүрдүүлэх, бүтээн байгуулалтын ажлыг шалгах болон ажиллахаар томилогдсон бүрэлдэхүүнийг тээвэрлэх, байрлуулах, хооллох, ангиудын техник, сэлбэг, хүнс, бараа материалуудыг хадгалж, хамгаалах, усаар хангах зэргээр дэмжлэг үзүүлэн ажиллаж байна” хэмээн хэрэгжүүлж буй гол ажлуудаа онцолсон.

     Штабын дарга, дэд хурандаа Н.Батсайхан “2019 оны сургуулийн жилд Зэвсэгт хүчний хэмжээнд зохиогдсон уралдаан, тэмцээнүүдэд амжилттай оролцсон. Жишээлбэл, “Цэрэгжлийн буудлага”-ын тэмцээнд оролцож алтан медаль, шилжин явах цомоо эргүүлэн авсан бөгөөд хошууч Я.Амартүвшин автоматын буудлагын төрөлд 99 оноогоор амжилтаа давтаж, ахмад Д.Жаргалсайхан гар бууны хурдан буудлагын төрөлд 112 оноо авч рекорд тогтоосон. Ингэснээр 20 гаруй жилийн өмнөх амжилтаа бататгаж, бас ахиулсан гэж болно. Мөн Оны мэргэжлийн аварга офицер, ахлагч шалгаруулах тэмцээнд багаараа гурав, зуны таван төрөлтийн тэмцээнд багаараа тав, олс таталтын тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд тавдугаар байрыг тус тус эзэлсэн бөгөөд сүүлийн жилүүдэд Зэвсэгт хүчнээс зохион байгуулж буй уралдаан, тэмцээнд тогтмол амжилттай оролцож байгаа нь ангийн сургалт бэлтгэлийн ахиц, бие бүрэлдэхүүний хичээл зүтгэл, хамт олны гар нийлэмжтэй ажиллагааны үр дүн юм.

     Ангиас тодорхой тооны бие бүрэлдэхүүн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оролцож байгаа ч сургуулийн жилийн нэгдүгээр үеийн цэргийн сургалт бэлтгэл, хээрийн гаралт, тактикийн хээрийн сургуулийг төлөвлөгөөний дагуу амжилттай зохион байгуулж, төгсгөлд нь ангийн захирагчийн нэрэмжит шалгалт, цэргийн мэргэжлийн зэргийн шалгалтыг явуулсан. Бие бүрэлдэхүүн бүтээн байгуулалтын ажилд оролцохоос гадна төлөвлөгөөт сургалт, дадлагуудыг зохион байгуулан ажиллаж байна” гэж цэргийн хөдөлмөрийн гол цөм болсон сургалт бэлтгэлийн талаар тодруулж ярьсан юм.

ГАР БУУНЫ ХУРДАН БУУДЛАГЫН "МАСТЕР"

     Цэргийн алба бол аавын хүү, ээжийн охины шандсыг ямагт сорьдог хүндхэн алба. Эрчүүдтэй мөр зэрэгцэн алба хааж буй ахмад Д.Жаргалсайхан тус ангийн мэдээллийн аюулгүй байдлын офицероор ажилладаг. Тэрээр 2009 онд ҮБХИС-ийг цахилгаан холбооны инженер мэргэжлээр төгсөж, Зэвсэгт хүчний 124, 013 дугаар ангиас ажлын гараагаа эхэлжээ. 2013 онд тус ангид томилогдсоноосоо хойш холбооны зангилгааны дарга, албаны дарга, тасгийн даргаар ажиллаж байна. Зэвсэгт хүчний “олимп” гэгдэх Марш-тактик, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээнд 2004 оноос хойш тасралтгүй оролцсон бөгөөд 2019 онд “Цэрэгжлийн спортын мастер” болсон. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит Марш-тактик, тусгай бэлтгэлтийн аварга шалгаруулах тэмцээнээс дөрвөн алт, Зэвсэгт хүчний Марш-тактик, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг хүрэл, сонсогч байхдаа хоёр алт, нэг мөнгөн медаль хүртэж байсан бахдам амжилтын эзэн юм. “Их говийн гарнизонд алба хааж байгаагаараа бахархдаг. Аав минь Онцгой байдлын албанаас тэтгэвэртээ гарсан. Аавынхаа өмссөн хувцсыг хараад аав шигээ ийм гоё цэргийн хүн болно гэсэн мөрөөдлөө биелүүлсэн. Аавдаа энэ ангид томилогдсоноо дуулгахад ихэд баярлаж, миний охин одоо л жинхэнэ офицер болох нь дээ гээд үнсэж байсан” хэмээн дурссан юм. Түүний хань тус ангийн Гал унтраах албаны дарга, хошууч О.Түвшинжаргал.

Тэд 2009 онд ҮБХИС-ийг төгссөн нэг оны офицерууд.

КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАРЫН ЭСРЭГ ГОЛ АНХААРЛАА ТӨВЛӨРҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА

Эмнэлгийн албаны дарга, дотрын эмч, ахлах дэслэгч Б.Алтанчимэг:

      -Дэлхий нийтэд тархаад байгаа шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж, ариутгал, халдваргүйтгэлийг тогтмол хийж байна. Төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оролцож буй алба хаагчдад ангийн бие бүрэлдэхүүн 3200, Ахмадын зөвлөлөөс бие бүрэлдэхүүнд 500 ширхэг амны хаалтыг оёж хандивласан. Мөн хугацаат цэргийн алба хаагчдаа амны хаалтаар тогтмол хангаж байна. Түүнчлэн өвчнөөс сэргийлэх хамгийн чухал аргуудын нэг болох сургалт, мэдээлэл, сурталчилгааны ажлыг мэдээллийн самбар, ангийн цахим хаягаар хүргэх, зурагт хуудас хэвлэн байршуулах, Зүүнбаян тосгоны иргэдэд тараах, үүрэн телефоны утсаар бие бүрэлдэхүүндээ мэдээлэх зэрэг арга хэмжээг тасралтгүй хэрэгжүүлж байна. Бүтээн байгуулалтын ажил ид өрнөж, хөл хөдөлгөөн ихтэй байгаа энэ үед халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн эрчийг сулруулахгүй, улам нягт нямбай, хариуцлагатай, ухамсартай, сонор сэрэмжтэй байхыг хичээж байна. Мөн Сайншанд-Зүүнбаян чиглэлд хөдөлгөөн үйлдэж буй иргэд, тээврийн хэрэгсэлд хяналт тавих, ариутгал хийх ажлыг гурван ээлжээр зохион байгуулж байгаа.

ИДЭВХ ЗҮТГЭЛТЭЙ АХЛАХ АХЛАГЧ

     Мотобуудлагын ротын ахлагч, ахлах ахлагч Ж.Уранжаргал тус ангид дөрөв дэх жилдээ ажиллаж байна. Анх 2011 онд ҮБХИС-ийн Ахлагчийн сургуулийг хуягт тээвэрлэгчийн механик жолооч мэргэжлээр төгсөж Зэвсэгт хүчний 327 дугаар ангид томилогджээ. Түүнийг хамт олон нь үргэлж бусдаас суралцаж цэргийн хэргийн мэдлэг, ур чадвараа дээшлүүлж байдаг идэвх зүтгэлтэй гэж үнэлдэг юм билээ. Ахлагчийн сургуульд байхаасаа л Зэвсэгт хүчний хэмжээнд зохиогдсон уралдаан, тэмцээнд амжилттай оролцож ирсэн бөгөөд Марш-тактик, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээний алт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит Марш-тактик, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтай. Мөн 2013 онд БНӨСУ, 2016 онд Афганистан улсад тус тус үүрэг гүйцэтгэсэн туршлагатай энхийг сахиулагч юм.

ЦЭРГИЙН МЭРГЭЖИЛ ЭЗЭМШИНЭ

Байлдагч А.Атарбаяр:

     -Би хугацаат цэргийн албанд татагдахын өмнө Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн талхны цехэд ажилладаг байсан. Анх цэргийн зарлан дуудах хуудас авчхаад баярласандаа ээждээ ч дуулгалгүй цэрэг татлагын комисс руу ганцаараа оччихоод, тэнцчихлээ гэдгээ хэлсэн. Ээж маань гайхаж “Миний хүү яваад хэрэггүй юм биш үү” гэхэд нь “Хүү нь чадна аа, цэргийн албаа нэр төртэй хаагаад, их зүйлийг сураад ирнэ” гэж хэлээд аавынхаа алба хааж байсан ангид томилогдож ирсэн. Анх ганцхан километр гүйж чадахгүй бахарддаг байсан бол одоо 10 километр гүйсэн ч тороод байх зүйлгүй боллоо. Урагдсан хувцсаа нөхөж цойлдоод өмсчихдөг, гар дээр төвөггүйхэн 50 суниачихдаг гээд тоочоод байвал цэргийн албанд, тэр тусмаа их говийн гарнизонд ирээд их зүйлийг сурч байна. Алба хаах хугацаандаа нөхөрлөлийн үнэ цэнийг бүрэн утгаар нь мэдэрсэн гэж хэлж болно. Бүтэн жилийн хугацааг хамтдаа туулж, зовлон, жаргалаа хуваалцаж байгаа болохоор цэргийн нөхөрлөл гэдэг юугаар ч орлуулшгүй чухал юм. Халагдаад найз нөхдөө өөрийн эрхгүй санах байх даа. Цэргийн мэргэжил эзэмшиж Зэвсэгт хүчинд алба хаахыг хүсэж байгаа болохоор цаашид өөрийгөө бэлдэж, олон талаар хөгжүүлнэ.

БҮХ ЗҮЙЛИЙГ ХАМТДАА ХИЙДЭГ НЬ ХАМГИЙН САЙХАН

Байлдагч Б.Алтанхуяг:

     -Орхон аймгийн Эрдэнэт хотоос цэрэгт татагдсан. Зарлан дуудах хуудас ирэхгүй болохоор нь эр хүний заавал хаах ёстой алба гэж бодоод өөрөө очиж холбогдох хүмүүстэй уулзан цэргийн албанд мордсон. Эхлээд цэргийн алба хүнд санагдсан ч яваандаа тэр бодол минь өөрчлөгдсөн. Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийнхээ төлөө гэдэг шиг бүх зүйлийг хамтдаа хийх нь сайхан. Цэргийн эрдэмд суралцахаас гадна эр хүний мөн чанарыг өөртөө илүү төлөвшүүлж, тэсвэр, хатуужил гээд олон зүйлийг олж авч чаддаг онцлогтой алба. Олон жилийн түүхтэй ангид алба хааж байгаадаа сэтгэл маш өндөр байгаа. Ангийнхаа дарга нар, удахгүй халагдах ах нартаа, хамт алба хааж байгаа онжавууддаа цаашдын ажилд нь амжилт, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье.

ЯМАР Ч АЖЛЫГ ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ХИЙХ ХЭРЭГТЭЙ

У.Давгамядаг:

     -Тус ангийн Ахуйн үйлчилгээний төвийн угаагч, индүүчин У.Давгамядаг “Хүн ямар ч ажлыг чин сэтгэлээсээ хийх хэрэгтэй. Ажил хүнийг голохоос биш хүн ажлыг голдоггүй” гэж ярилцаж эхлэх зуурт онцолсон. Улсад тасралтгүй 28, Зэвсэгт хүчинд ес дэх жилдээ үр бүтээлтэй ажиллаж байгаа тэрээр “Миний хүүхдүүдээс ялгаа юу байх вэ” хэмээн хугацаат цэргийн алба хаагчдын цагаан хэрэглэл, гар нүүрийн алчуур, өмд, цамцыг угааж, индүүдэж, цэвэрлэн ажлаа чин сэтгэлээсээ хийж байгаа нь үнэхээр бахархам. Ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлан 2019 оны “Хөдөлмөрийн аварга ажилтан" болсон нь түүнийг ямар ажилсаг, хийж буй ажилдаа эзэн нь болдог гэдгийг төвөггүйхэн хэлж байв. Түүнийг ажилсаг гэдэг үг ч багадмаар нэгэн гэж товчхон тодорхойлж, онцлон магтъя.

     Энэ цаг дор эх орныхоо бүтээн байгуулалтад өөрсдийн хувь нэмрээ оруулж, хүлээсэн үүрэг, өргөсөн тангаргаа үнэнчээр биелүүлж яваа хөдөлмөрч хамт олны хийж хэрэгжүүлж, бүтээн туурвиж буй ажил, үйлс болоод ажилдаа эзэн нь, мэргэжилдээ шилдэг нь байж чаддаг зарим алба хаагчдын тухай хүргэхийг зорьлоо. Говийн гарнизонд ажил хөдөлмөр өрнөсөөр ...

Ахлах ахлагч Г.БАТ-ЭРДЭНЭ

 

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 107