
Хүний эрхийн боловсрол олгох, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Зэвсэгт хүчний 336 дугаар анги орон нутаг дахь ХЭҮК-той 2021 онд хамтран ажиллах төлөвлөгөөгөө боловсруулав. Хамтын ажиллагааны хүрээнд хугацаат цэргийн алба хаагчдыг хариуцан ажилладаг рот (батарей), салааны захирагч болон бусад залуу офицер, ахлагч нарт “Хүний эрхийн тухай ойлголт”, “Зэвсэгт хүчин ба хүний эрх”, “Жендэрийн тухай ойлголт”, “Хүний эрхэд суурилсан хандлага”, “Хөдөлмөрлөх эрх”, “Харилцаа хандлага, ёс зүй” зэрэг сургалт, мэдээлэлд хамруулах, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулахаар болсон юм.
Үүний түүчээ болгож өнгөрсөн 4 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд ангийн залуу ахлагч нартай зөвлөгөөн явуулсан бөгөөд ХЭҮК-ын орон нутаг дахь ахлах шинжээч Ч.Нандин-Эрдэнэ, аймгийн ГБХЗХГ-ын мэргэжилтэн Ц.Энхтунгалаг, Зүүнбаян нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Ц.Болормаа, Зүүнбаян тосгоны ахмадын зөвлөлийн тэргүүлэгч Р.Хөхөө нарын албаны хүмүүс оролцож, тодорхой сэдвүүдээр лекц тавьж, харилцан ярилцлаа.
Дэслэгч Ч.Бодьгэрэл (Зэвсэгт хүчний 336 дугаар анги)