
Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн рот /батарей/ салааны захирагч нартай “Зөв төлөвшил, зөв хүмүүжил” зөвлөгөөнийг 04 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд амжилттай зохион явууллаа.
Энэхүү зөвлөгөөнийг орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран явуулсан бөгөөд албаны төлөөлөгчид тус ангийн рот /батарей/ салааны захирагч нарт харилцаа хандлага, хүний эрх сэдвийн хүрээнд олон илтгэл тавьж, харилцан ярилцсан юм. Дорноговь аймаг дахь ХЭҮК-ын ахлах шинжээч Ч.Нандин-Эрдэнэ “Зэвсэгт хүчин ба хүний эрх”, ГБХЗХГ-ын мэргэжилтэн Ц.Энхтунгалаг “Харилцаа ба хандлага”, Зүүнбаян нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Ц.Болормаа “Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл амьдрах хэвшил”, Зүүнбаян тосгоны ахмадын зөвлөлийн тэргүүлэгч Р.Хөхөө “Хугацаат цэргийн алба хаагчдыг соён гэгээрүүлэх арга зам, туршлага сургамж”, бэлтгэл хошууч Г.Хишигт “Эр цэрэг- эгэл амьдрал” гэсэн сэдвүүдээр яриа танилцуулга хийлээ.

Үүний дараа зөвлөгөөний хөтөлбөрийн дагуу томилогдсон бүрэлдэхүүн “Цэгийн алба хаагчдын ёс зүй, төлөвшил, тавигдаж буй шаардлага”, “Хүнтэй ажиллах арга барил”, “Ахлагчийн албаны байдал, цаашдын чиг хандлага”, “Цэргийн албанд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлс, түүний үр дагавар”, “Гэр бүл төлөвлөлт, хувь хүний хандлага” сэдвүүдээр яриа танилцуулга хийж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Салбарын офицеруудын цэргийн сургалт бэлтгэлийг төлөвлөх, удирдан явуулах, заах арга зүйн төлөвшил, зөв хандлага, хүмүүжилтэй, иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэсэн энэхүү хоёр өдрийн зөвлөгөөний дараа “Үлгэрлэл зөв харагдваас хандлага зөв тогтоно” гэсэн уриалга дэвшүүлж, тус уриалгыг төлөвшүүлж, төлөвлөгөө боловсруулж ажиллаж байна.
Дэслэгч Ч.Бодьгэрэл (Зэвсэгт хүчний 336 дугаар анги)