
Улс орон даяар цар тахлын халдварын нөхцөл буурахгүй байгаатай холбогдуулан Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд хугацаат албаны дайчдын эрүүл, аюулгүй байдлыг нь хангах хүрээнд ар гэрийнхний уулзалтыг хүлээн авах боломжгүй байгаа билээ. Үүнтэй уялдуулан Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хугацаат цэргийн алба хаагч, тэдний ар гэрийнхнийг цахимаар уулзуулах ажлыг зохион байгуулахыг Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын захирагч нарт даалгасан юм. Өгөгдсөн үүргийн дагуу Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд аймаг, нийслэл, дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабтай хамтран уулзалтыг утсан холбоо болон интернэтээр зохион байгуулсаар байна.
Тухайлбал, Зэвсэгт хүчний 123 дугаар анги, Завхан аймгийн ЗДТГын Цэргийн штабтай хамтран цахим уулзалтыг зохион байгуулснаас гадна 2020 онд Завхан аймгаас татагдан ирсэн дайчдын эцэг, эхийн дунд цэргийн алба хааж буй хүүдээ хаягласан захидал, илгээмж явуулах ажлыг өрнүүлэв. Улмаар Завхан аймгийн Улиастай сумын харьяат байлдагч О.Наранбаатарын аав, бэлтгэл ахмад У.Отгонбаяр, ээж А.Нямсүрэн нарын эцэг эхчүүдээс “Ховдын цэнхэр хязгаарт аавынхаа мэргэжлээр алба хааж байгаа хүүгээрээ бахархаж байна" гэсэн талархлын захидлыг тус ангийн хамт олон хүлээн авсан байна.

Ахмад У.Батцэнгэл (Зэвсэгт хүчний 123 дугаар анги)