
Зэвсэгт хүчний 326 дугаар ангиас хугацаат цэргийн алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, өөрсдийгөө бие даан хөгжүүлэхэд нь туслах зорилгоор англи хэл, уран зураг, гитарын дугуйлангуудыг хичээллүүлэхээр бэлтгэл ажлаа бүрэн хангалаа.
Хамгийн сонирхолтой нь дугуйлангуудын сургагч багшаар тэр чиглэлдээ гаршсан хугацаат цэргийн алба хаагчид ажиллана. Тухайлбал, англи хэлний багшаар байлдагч Э.Золбаяр ажиллах бөгөөд тэрээр МУБИС-д англи хэлний багш мэргэжлээр суралцдаг юм. Уран зургийн багшаар МУБИС-д дүрслэх урлагийн багш мэргэжлээр суралцдаг байлдагч С.Бат-Эрдэнэ, гитарын багшаар ахлах байлдагч Б.Золбоо нар ажиллана.

Хичээл удирдагч багш нарт мэргэжлийн багш нар болох офицер, ахлагч нар дэмжлэг үзүүлнэ. Хугацаат албаны дайчид нэгнээсээ суралцаж, нэгэндээ зааж зааварлах нь нөхөрлөлийг бататгах, суралцах хүсэл эрмэлзлэлийг нь нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой гэж ангийн удирдлагууд үзэж байгаа юм. Тийм ч учраас дугуйлангуудыг хичээллүүлэхэд шаардагдах тоног төхөөрөмж, зарим хэрэгслийг сургагч багш нарт гардуулан өгч, амжилт хүслээ.
Ахмад Л.Түмэндэлгэр (Зэвсэгт хүчний 326 дугаар анги)