
Эх орны торгон хил дээр хүү төрсөн тухай сайхан мэдээ өчигдөр түгсэн бол Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн хугацаат цэргийн алба хаагч, байлдагч Ц.Батцэнгэл аав болсон баяртай мэдээ бидэнд бас ирлээ. Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат байлдагчийн гэргий М.Мөнхтамга амаржиж, аав шиг нь эх орноо батлан хамгаалах хүү төрүүлсэн байна. Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн удирдлагууд шинэхэн аавыг эхнэр, хүү хоёртой нь цахимаар холбож, уулзуулах ажлыг өчигдөр зохион байгуулж, байлдагчийн гэр бүлд баяр хүргэж, аз жаргал хүсэн ерөөжээ. Хосууд хүүдээ Эрхэс хэмээн нэр хайрласан байна.
Байлдагч Ц.Батцэнгэлийн баярын сэтгэгдлийг хуваалцахад “Үнэхээр үгээр хэлэхийн аргагүй баяртай байна. Ангийн удирдлага, онжавууд маань ч надад баяр хүргээд л. Эх орноо батлан хамгаалах эрхэм үүргээ гүйцэтгэж байхдаа хүүтэй болоход их сайхан мэдрэмж төрдөг юм байна. Ирээдүйд яг аав шигээ өглөө бүр Төрийн далбаагаа мандуулж, Төрийн дууллаа дуулсан эр цэрэг болох байх даа гэж бодохоор л хайр төрөөд байна” хэмээгээд Дорнод аймагт суугаа хайртай гэргий, бяцхан үрдээ “Монгол Улсынхаа төлөө зүтгэе” хэмээн ёсолж байгааг минь уламжилж өгөхийг захилаа.