
ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Запад-2021” Cтратегийн команд штабын сургуулийн нэгдүгээр шатны төлөвлөлтийн хурал энэ сарын 16-ны өдөр цахимаар боллоо. Дэлхийн 18 орны Зэвсэгт хүчний төлөөлөл оролцсон энэ сургуулийн төлөвлөлтийн хуралд анх удаа Монгол Улсын Зэвсэгт хүчин оролцохоор байр сууриа илэрхийлж, сургуулийн сэдэв, явагдах газар орон, оролцох бүрэлдэхүүний талаар санал солилцсон юм.
Төлөвлөлтийн хуралд Монгол Улсын Зэвсэгт хүчнийг төлөөлж Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр нарын албаны хүмүүс оролцлоо. Энэ жилийн “Запад-2021” Стратегийн команд штабын сургууль “Холбоотон улсуудын цэргийн аюулгүй байдлыг хангах сонирхолд цэргийн бүлэглэл (хүч)-ийг хэрэглэх нь” сэдвийн хүрээнд хоёр үе шаттайгаар явагдана. Нэгдүгээр үе шат нь “Дайны эхний үеийн операцад цэргийн бүлэглэлийг (хүч) удирдах” сэдвийн хүрээнд, хоёрдугаар үе шат нь “Дайсныг бут цохих явцад цэргийн бүлэглэлийг (хүч) удирдах” сэдвийн хүрээнд тус тус явагдах бөгөөд сургуулийг 2021 оны 9 дүгээр сард зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна хэмээн ОХУ-ын Зэвсэгт хүчнээс мэдэгдсэн юм. Мөн энэ үеэр дэлхийн 18 орны Зэвсэгт хүчин оролцогч болон ажиглагчаар оролцоно гэдгээ илэрхийллээ.

Ташрамд дурдахад, Монгол Улсын Зэвсэгт хүчний хувьд Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөс зөвшөөрсөн тохиолдолд тус сургуульд оролцох юм. “Запад” Стратегийн команд штабын сургууль нь “Кавказ” сургуулийн үргэлжлэл бөгөөд өмнө нь энэ нэрээрээ зохион байгуулагдаж ирсэн бүс нутгийн томоохон сургууль юм.