• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2021-03-18 08:45:02
Үзсэн: 51

МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2021-03-18 08:45:02 Үзсэн: 51



Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч үе үеийн халуун эх орончид болон тэдний үргэлжлэл болж, эх орноо батлан хамгаалах хариуцлагатай бөгөөд хүндтэй үйл хэргийг түүчээлж яваа Хуурай замын цэргийн нийт бие бүрэлдэхүүнд “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье!

Тэртээ 100 жилийн өмнө эх орноо харийн дарлалаас чөлөөлж, туурга тусгаар улс гэрээ сэргээн мандуулах чин хүсэл эрмэлзэл, үндэсний эх оронч ухамсраараа эвлэлдэн нэгдэж, мянга мянгаараа ардын журамт цэрэгт сайн дураар элсэн төр улсын амин чухал үйл хэргийн төлөө амь хайргүй, чин шударгаар зүтгэн анхны түүхэн ялалтын уухайг цуурайтуулсан нь өнөөгийн Монгол Улсын Зэвсэгт хүчин үүсэн бүрэлдсэн түүхийн хуудсыг эргүүлсэн юм.

Монгол Ардын журамт цэргээс Монгол Ардын хувьсгалт цэрэг, Монголын Ардын арми болтлоо өргөжин хөгжиж, орчин цагийн Зэвсэгт хүчний түүхийг бахдам амжилтаар 100 жилдээ тод сийлэн үлдээсэн ахмад үеэрээ өнөөдөр бид бахархаж байна.

Зэвсэгт хүчний Хуурай замын цэрэг нь Монгол Улсын аюулгүй байдлыг батлан хамгаалах үүргээ нөр төртэйгөөр биелүүлж ирсэн бахархам түүхтэй, баатарлаг өвөг дээдсийнхээ үйл хэргийг нэр төртэй залгамжлахын зэрэгцээ даян дэлхийд энх тайвныг бэхжүүлэх үйлсэд алдар суугаа цуурайтуулж, улс орны томоохон бүтээн байгуулалтад манлайлан оролцож байгааг бахдан дурсахдаа таатай байна.

Хуурай замын цэргийнхэн бид “Мэргэшсэн чадварлаг бүрэлдэхүүнтэй, хөдөлгөөн, галын цохилтын өндөр боломжтой, мэдээлэл, технологийн хөгжлийн орчинд үүрэг гүйцэтгэх чадвартай Хуурай замын цэрэг болон төлөвших” алсын хараа, эрхэм зорилгоо тодорхойлж, шинэ зууныхаа гараа дээр байна. Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын үүрэг гүйцэтгэх бэлэн байдал, цэргийн алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, гадаад улс орнуудтай цэргийн итгэлцэл, хамтын ажиллагааг хөгжүүлэх, цэргийн алба, сахилга, зохион байгуулалтыг өндөржүүлж, албаны ухамсрыг дээшлүүлэх зорилго, зорилтуудыг ханган биелүүлэхэд Та бидний хамтын хүчин чармайлт, идэвх санаачилга нэн чухал юм.

Үндэсний ухамсар, бахархал, үнэт зүйлсээ хадгалан хөгжүүлж, эх оронч үзлээр залуу хойч үеийг хүмүүжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн ахмадууд болон иргэний үүргээ нөр төртэй биелүүлэн Хуурай замын цэрэгт алба хаасан эрхэм байлдагч, түрүүч, өдгөө алба хааж байгаа генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, ажилтан албан хаагчдадаа орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баярын мэндийг дахин өргөн дэвшүүлж, та бүхний гэр бүл, үр хүүхдүүдэд эрүүл энх, аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Монгол цэргийн сүлд хийморь үеийн үед мандан бадрах болтугай!

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ, БРИГАДЫН ГЕНЕРАЛ Б.АМГАЛАНБААТАР

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 117