
Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын 110, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан “Ардын журамт цэргийн мөрөөр” түүхэн сэдэвт шоу нэвтрүүлэг гуравдугаар сарын 18-ны “Монгол цэргийн өдөр”-өөс эхлэн үзэгчдийн хүртээл болох гэж байна.
Долоо хоног бүрийн ням гарагт зөвхөн “ТВ8” телевизээр үзэгчдийн хүртээл болох “Ардын журамт цэргийн мөрөөр” түүхэн сэдэвт шоу нэвтрүүлгийг үндэсний контент хөгжүүлэгч “Эрхэт Монгол” медиа группээс санаачлан хэрэгжүүлсэн бөгөөд Ардын хувьсгал ялсан түүхэн үйл явдал, Монгол Улсын тусгаар тогтнолын бахархалт түүхийг тайз дэлгэцийн бүтээл болгон, уран сайхны хэлбэрээр хүргэх юм.
Монгол Улсын бүрэн эрх, тусгаар тогтнолд заналхийлсэн харийн түрэмгийлэгчдээс эх орноо чөлөөлж, ард олноо энх жаргаланд учруулсан ардын журамт цэргийн түүхэнд гүйцэтгэсэн үүргийг баримтад тулгуурлан, тод томруунаар толилуулах уг шоунд тайз, дэлгэцийн авьяаслаг жүжигчин Д.Дэлгэрсайхан, Д.Түвшинтөр, Т.Баттулга, О.Амгаланбаатар, Р.Отгонбаяр, П.Баярмагнай, Б.Бадамцэцэг, Ц.Номин, Б.Мишээл, М.Намуунцэцэг нарын уран бүтээлчид хоёр багт хуваагдан өрсөлдөнө.
Багууд “Хиагт хотыг байлдан авсан нь”, “Баруун замын байлдаан”, “Баруун хязгаарын байлдаан, “Зүүн хязгаарыг чөлөөлсөн нь”, Хөвсгөлийн хязгаар дахь байлдааны ажиллагаа, “Нийслэл Хүрээг эзлэн ардын хувьсгалын ялалтыг тунхагласан нь” гэсэн ардын журамт цэргийн ялгуусан ялалттай холбоотой зургаан сэдвээр жүжигчилсэн тоглолт бэлтгэн, үзэгч та бүхний мэлмийд толилуулах юм.
Нэвтрүүлгийн шүүгчээр Монгол Улсын Төрийн шагналт, түүхч, доктор Д.Өлзийбаатар, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр, Монгол Улсын Гавьяат жүжигчин О.Бат-Өлзий нар ажилласан юм.
Дэд хурандаа Б.ЗОЛЗАЯА