• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

Дэд түрүүч Ц.Тэнгис: ЗЭВСЭГТ ХҮЧИН ТАНД БАЯРЛАЛАА
Нийтэлсэн: 2020-04-15 15:59:44
Үзсэн: 3201

Дэд түрүүч Ц.Тэнгис: ЗЭВСЭГТ ХҮЧИН ТАНД БАЯРЛАЛАА
Нийтэлсэн: 2020-04-15 15:59:44 Үзсэн: 3201



       Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч, дэд түрүүч Ц.Тэнгис бидэнд талархлын захидал ирүүлжээ. “Удахгүй халагдана гэхээр ижил дасал болсон онжавууддаа, цэргийн алба хэмээх хийморьлог энэ салбарт хорогдох шиг” хэмээн захидлаа эхлүүлсэн байлаа. Түүний захидлыг хамтдаа задалъя.

        “Сайн байна уу, эрхэм цэргийн дарга нар, эрхэм ах, эгч нар болон Зэвсэгт хүчинд хугацаат цэргийн албаа нэр төртэй хааж байгаа эрхэм найзууд, дүү нартаа  захидал очих өдрийн мэндийг Зэвсэгт Хүчний 120 дугаар ангийн цэргийн хуарангаас хүргэж байна. Намайг Цэрэнхандын Тэнгис гэдэг, Төв аймгийн Цээл сумын харьяат. Цэрэгт ирэхээсээ өмнө Монголын Үндэсний их сургуульд компьютер, график дизайн мэргэжлээр суралцдаг жирийн нэгэн оюутан байлаа. Харин өнөөдөр эх орондоо данстай эр цэрэг болжээ. Өдгөөгөөс нэг жил орчмын өмнө цэргийн албанд дөнгөж ирж байсан бол өнөөдөр хэдийн халагдах дөхчихөж. Цаг хугацаа яасан ч хурдан юм бэ. Өвөө минь надад “Хүн дуртай ажлаа хийхэд хугацааг мэдэрдэггүй юм” гэж хэлсэн нь үнэн юм байна. Үнэхээр үнэн. Цэргийн албанд ирснээр хорвоо ертөнцийг харах нүд минь өөрчлөгдөв. Хамгийн эхэнд бие сэтгэл минь өөрчлөгдлөө. Ээжээрээ “Чи тэрийгээ хийгээч, энийгээ хийгээч” гэж шамдуулж байж нэг юм хөдөлдөг байсан цэргийн албанд ирснээрээ зохион байгуулалттай, эмх цэгцтэй байх нь өөрт ямар амар болохыг мэдэрлээ. “Утас шагайхаа болиоч” гээд ээжээрээ бас л үглүүлдэг байсан бол энд ирээд нийгмийн сүлжээ дэх элдэв мэдээллээс илүү эх орноо хайрлах нь, түүний үнэ цэнийг мэдрэх нь илүү сайхан болохыг ухаарлаа. Хал нь гаднаа, хайр нь дотроо гэдгийг цэргийн дарга нараасаа олж харлаа. Бие бялдрын хувьд ч ялгаагүй. Гар дээр хорь ч суниаж чадахгүй, биеэ оторлосон залуу байсан бол өнөөдөр бие бялдар мэдэгдэм өөрчлөгдөж, эрүүл, чийрэг сайхан болж байгаа минь өөрт мэдрэгдэж байна. Эр зориг, тэсвэр хатуужил, хүндлэл гэж яг юу болохыг цэргийн алба л надад ойлгуулж байна. Хамгийн гол нь юу гээч. Амьдралынхаа нөхөрлөлийг эндээс олж авлаа. Нэрийг нь тоочвол зөндөө дөө.  Эх орон, эр цэрэг хоёр хэлхээтэй юм байна гэдгийг ч бас мэдлээ. Эр цэргийн албанд ирээд мэдэж авсан, ойлгож ухаарсан зүйлс минь маш олон юм. Зэвсэгт хүчний 120 дугаар ангийнхаа удирдлага, бие бүрэлдэхүүнд хугацаат цэргийн алба хаагч бидний төлөө зүтгэсэн үйл бүхэнд тань маш их баярлалаа. Зэвсэгт хүчин танд баярлалаа. Хайрт ээж минь хүү нь удахгүй халагдаад очлоо. Цэрэгт ирэхээс өмнөх Тэнгис өөрчлөгдсөн шүү, ээж ээ” гэжээ.

      Захидлын эзэн дэд түрүүч Ц.Тэнгис нь хугацаат цэргийн албаа нэр төртэй хааж байгааг түүний ээж А.Алтанцэцэг танд дуулгахдаа таатай байна. Хамгийн сүүлд гэхэд утааны эсрэг хүчээ нэгтгэх ажилд бусад нөхдийн хамт үүргээ амжилттай гүйцэтгэсэн гэдгийг энэ дашрамд дуулгая аа.

 

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 107