
“Гэрээт цэрэг-гэрэлтэй алба”-аар энэ удаа Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн цэргийн гэрээт алба хаагч, ахлах түрүүч Д.Буянхишигийг онцолж байна.
Ахлах түрүүч Д.Буянхишиг цэргийн гэрээт албаа нэр төртэй хааж байгаа олон мянган дайчдын нэг бөгөөд ахлагч болон улирах хүсэл тэмүүлэл дүүрэн яваа залуу. Өдгөөгөөс ердөө хоёрхон жилийн өмнө түүний хүсэл мөрөөдлийнх нь талаар ярилцлага авахад “Албаа маш сайн хаагаад энхийг сахиулах ажиллагаанд оролцоно, цол нэмнэ, Зэвсэгт хүчний цэрэгжлийн спортын тэмцээнд амжилт үзүүлнэ” гэж хариулж байв. Харин тэр өдгөө яг хэлсэн шигээ мөрөөдөл, төлөвлөгөөнүүдээ бүрэн дүүрэн биелүүлжээ. Дэд түрүүчээс ахлах түрүүч, энхийг сахиулагч цэргийн гэрээт алба хаагч, Зэвсэгт хүчний 2019 оны аварга шалгаруулах “Туухай өргөлт”-ийн тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн нь мөрөөдлийнхөө төлөө зорилго, төлөвлөгөө тавиад хичээвэл амжилт ойрхон байдгийг өөрөөрөө үлгэрлэн харуулсан нь энэ.
Ахлах түрүүч Д.Буянхишиг Увс аймгийн Улаангом сумынх. Хугацаат цэргийн албаа 2017 онд Зэвсэгт хүчний 336 дугаар ангид хаасан, ингэхдээ халагдаад ердөө тавхан хоногийн дараа Зэвсэгт хүчний 120 дугаар ангид цэргийн гэрээт алба хаагчаар улирах хүсэлтээ өгсөн. Энэ тухайгаа ярихдаа “Цэргийн албанд үнэхээр дассан. Халагдаж хариад эх орныхоо төлөө тангараг өргөөд ажилладаг цэргийнхнээ санасан. Би ч гэсэн яагаад тэдний нэг яагаад байж болохгүй гэж бас бодсон. Тэгээд л өргөдлөө өгсөн дөө” гэсэн. Тэрээр 2017, 2018 онд Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ” хээрийн сургуульд, 2019 онд Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн тактикийн хээрийн сургуульд оролцсондоо үргэлж бахархдаг, энэ сургуулиудад оролцсноороо артилерчин цэрэг ямар их үүрэг, оролцоотой мэргэжил болохыг биеэрээ мэдэрсэн байна.
Энхийг сахиулагч болсон тухайд гэвэл 2019-2020 онд БНӨСУ-д явагдаж байгаа НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний 9 дүгээр ээлжийн цэргийн багт үүрэг гүйцэтгэжээ. “Цаг агаарын эрс тэс нөхцөл, эрүүл мэндийн эрсдэлтэй орчин, гэнэт өөрчлөгдөх хүнд цагийн байдалд удаан хугацаагаар үүрэг гүйцэтгэнэ гэдэг хүн болгоны хийж чадах хялбар ажил биш ээ. Энэ бол гагцхүү цэрэг хүний цог жавхаа, золбоо хийморь, нугаршгүй хатан зориг, мятрашгүй хичээл зүтгэлээр л биеллээ олох амжилт бөгөөд манай энхийг сахиулагчид бүтээж чадаж байгааг харж, тэдний нэг болсондоо ч одоо баяртай байна” гэж хариулав. Тэр бас цэргийн гэрээт албаны ирээдүй гэрэлтэй байгаа, байнгын бүрэлдэхүүн шиг гэртээ харихаас эхлээд маш олон боломжуудыг ЗХЖШ-ын удирдлагууд нээж өгсөн. Тийм л учраас миний бие хүсэл мөрөөдлөө биелүүлж, албаараа үргэлж гоёж явдаг юм гэв. Түүний дараагийн хүсэл мөрөөдөл ч цээжинд нь бичээстэй байгаа ажээ.