Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн хугацаат цэргийн алба хаагч, байлдагч Э.Ганбаярыг “Би байлдагч” буландаа урьж ярилцлаа.
Эрхэм байлдагч, эхлээд өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Энхболдын Ганбаяр гэдэг, 1996 онд төрсөн. 2013-2017 онд “Отгонтэнгэр” их сургуульд санхүүгийн менежмент мэргэжлээр суралцаж төгссөн. 2020 онд нийслэлийн Сүхбаатар дүүргээс Зэвсэгт хүчний 014 дүгээр ангид хуваарилагдан, албаа хааж байна.
Цэргийн албанд ирсэн сэтгэгдэл ...
-Үнэхээр гоё байна. Зэвсэгт хүчин гэдэг өөрөө миний хамгийн дотны орчин. Миний өвөө Г.Агваансодов нийслэлийн Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын даргаар ажиллаж байсан чөлөөнд байгаа офицер. Миний аав Д.Энхболд Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн штабын даргаар ажиллаж байсан бэлтгэл офицер. Миний ээж А.Өсөхбаяр Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн нягтлан бодогчоор ажилласан байсан эмэгтэй. Ингээд бодохоор Зэвсэгт хүчин гэдэг яахын аргагүй дасал газар минь юм. Хүүхдийн баяраар өвөө бас аав, ээжийнхээ ажил дээр очиж бэлэг аваад, найзуудтайгаа өдөржин тоглодог байсан.
Та хайртай хүмүүс шигээ цэргийн хүн болох уу?
-Магадгүй ээ. Халагдаж очоод өвөөтэйгөө ярилцана. Анх цэрэгт ирэх болсон нь өөрийн хүсэл мөрөөдлөөс гадна өвөөгийн минь сургамж нөлөөлсөн. Өвөө “Миний хүү хугацаат цэргийн албаа хаа. Офицер хүний хүүхэд байж, цэргээс зугтаж таарахгүй” гээд зөвлөсөн. Би ч гэсэн өвөөгөөсөө суралцъя гэж шийдсэн. Учир нь өвөө “Цэргийн албаа хаасан эр хүн сахилга бат, дэг журамтай болж, амьдралаа зөв тэгш аваад явчих чадвартай болдог” гэж захидаг юм. Хэдийгээр тэтгэвэрт гарсан ч үргэлж онжавуудаа, цэргүүдээ, дарга нараа дурсаж ярина. Цэргийн талаарх мэдээ мэдээллийг шимтэн уншдаг юм, миний өвөө. Өвөө, аав, ээжийн минь залуу насаа зориулан ажилласан салбар гэхээр алба хаах нь өөрөө нэр төрийн хэрэг юм.
Өвөө нь ямар цог золбоотой байлдагч болсныг нь харсан уу?
-Үгүй ээ. Цар тахлын халдвар хамгааллыг сахиулж, гаднаас эргэлт авахгүй байгаа. Цэргийн тангараг өргөх ёслолыг ч ар гэрийнхнийг урилгүйгээр дотооддоо зохион байгуулагдсан. Халагдаж очоод л өвөөдөө цэрэг хувцастайгаа очиж ёсолно. Яг өөрийнх нь залуу нас шиг харагдах байх аа.
Нээрээ тэгэх байх. Сайхан санагдаж байна ...
-Энэ жил Зэвсэгт хүчний түүхт 100 жилийн ой тохиож байгаа. Энэ түүхт ойгоор хугацаат цэргийн алба хааж байгаа нь миний хувьд маш их аз завшаан юм. Ойн хүрээнд зохиогдох цэргийн ёслолын жагсаал болон Зэвсэгт хүчний марш тактикийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох хүсэлтэй байгаа. Үүний тулд өөрийгөө ч бас бэлтгэж байна. Энэ завшааныг ашиглаад хугацаат цэргийн алба нь амьдралын гараагаа эхэлж байгаа эрчүүдийг нэг жилийн хугацаанд зөв хандлагатай, зарчимч, хувийн зохион байгуулалттай, эх оронч үзэлтэй хүн болгон төлөвшүүлдэг учраас дүү нар минь иргэний үүргээ биелүүлж хугацаат цэргийн албыг хаагаарай гэж захья.