
Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн байлдагч М.Лхагвадорж аав, ээждээ захидал бичсэнээ бидэнд ирүүлжээ. Захидалд "Сайн сууж байна уу, аав, ээж хоёр минь. Шувуудын цуваа нутгийг минь зорьж, сүрэг сүргийн төл дэлгэрсэн хавар цагийн мэндийг айлтгая. Атан тэмээнд ачаа тэнцүүлэх шиг жаргал зовлонг хамт үүрч, алагхан зүрхнийхээ цохилтоор амьдралыг арга билэг шиг хослон туулсан тэнгэрийн хоёр багана минь сайн байна уу. Нүднээс асгарах цэнгэг булгийн ус нь ундаргаа халиагүй бодлоос уяатай унаган хүлгийн минь аргаж алдуурах болоогүй ээ. Хүү нь тун чиг сайн явна. Ээжээ, тандаа би их баярладаг. Хөнгөн өд шиг хийсээд ирэлгүй, арван сар хэвлийд тань торниж, хорвоод мэндлэх гэж дотроос тань шимсээр орчлонд ирэхэд “Ивий хонгорхон үр минь” гэж хайр дүүрэн үнэрлэсэнд нь баярладаг. Бас нойроо хумслан байж цагаан сүүгээрээ тайтгаруулдаг байсанд баярладаг аа, ижий минь. Ааваа тандаа би баярладаг. Их хайр, итгэлээр үргэлж намайг цэнэглэж, хаа нэг хорвоогийн нугачаанд бүдчин байхад замчлах, зэмлэх хоёроор тэтгэсэн бурхан минь та юм. Эр хүний сэтгэлээс ховорхон гардаг ч энэ үгийг би одоо л хэлмээр байна. Аав, ээж минь та хоёртоо хүү нь хязгааргүй хайртай шүү.
Цэргийн алба дасахад хатуу ч дассан хойно зөөлнөөс зөөлөн юм. Сайхан нөхөдтэйгөө түшилцэж туулдаг ганцхан жилийг одоо ингээд бодоход богинохон байна. Учир нь миний хажууд цэргийн нөхөд маань байна. Тийм болохоор аав, ээж минь хүүдээ битгий санаа зовоорой. Хүү нь албаа нэр төртэй хаагаад мөдхөн очно оо. Сайн сууж байгаарай. Хайртай хүүгээс нь” гэжээ.