Зэвсэгт хүчний офицер, ахлагч, хугацаат цэргийн алба хаагчдын төлөөлөл хулгана жилийн ололт, амжилтаа дүгнэж, Цагаагчин хэмээх үхэр жилийн өнгө төрхийг ийн тольдлоо.
Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн байлдагч Б.Тэмүүжин:
-Би 2000 онд Улаанбаатар хотод айлын отгон хүү болон мэндэлсэн. Аав ээж, эгчийн хамт амьдардаг. Цэргийн албанд татагдахаасаа өмнө "Мандах" их сургуульд Санхүүгийн менежмент хөтөлбөрийн 3 дугаар курст суралцаж байсан. Эгнээнээсээ 10 баатар төрүүлсэн алдар түүхтэй Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлд цэргийн алба хааж байгаадаа туйлын их баяртай байна. 2020 он хүн бүрийн хувьд аюулт цар тахал болох “Covid-19”-өөс өөрийгөө болон гэр бүл, хайртай хүмүүсээ хамгаалсан хариуцлагатай жил болж өнгөрсөн. Түүнчлэн бид эрүүл байхын ач тус, байгаль дэлхийгээ хайрлах ухаан, зөв амьдралын хэв маягийг хэрхэн баримтлах гэх зэрэг олон зүйлийг ойлгосон. Миний хувьд хугацаат цэргийн албанд өөрийн хүсэлтээр татагдсан нь хамгийн зөв алхам байсан. Учир нь цэргийн албанд хүний амьдралд хэрэг болох олон чадварыг дарга нараасаа суралцаж, найз нөхөдтэйгөө хамт хөгжиж байна. Цэргийн алба хаасан нэг жил миний амьдралд тодоор үлдэж, нэгэн гэрэлт хуудас нээх болно гэдэгт итгэдэг. Үхэр жилд цар тахал бүр мөсөн зогсож хүн зоны минь магнай тэнэгэр, айх айдасгүй, энх тунх аж төрөх болтугай. Мөн хугацаат цэргийн алба хаагчид бид улс орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцож, хөгжил дэвшилд нь хувь нэмрээ оруулж, албаа амжилттай хаасан жил болно гэж бодож байна.
Эх сурвалж: "СОЁМБО" СОНИН