• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

Хурандаа Ж.Өсөхбаяр: ОРОН НУТГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ОРЧИН НӨХЦӨЛӨӨ САЙЖРУУЛЛАА
Нийтэлсэн: 2021-02-10 11:52:27
Үзсэн: 81

Хурандаа Ж.Өсөхбаяр: ОРОН НУТГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ОРЧИН НӨХЦӨЛӨӨ САЙЖРУУЛЛАА
Нийтэлсэн: 2021-02-10 11:52:27 Үзсэн: 81



Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Өсөхбаяртай ярилцлаа. 

Танай хамт олон 2020 оныг ямар ажлуудаар үдэв. Өнгөрсөн оны ололт амжилтаасаа хуваалцахгүй юу?

-Манай ангийн хамт олон өнгөрөгч онд удирдах байгууллагаас өгсөн үүргийн болон ангийн дэвшүүлсэн зорилго, зорилтын хүрээнд үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлж, төлөвлөсөн ажил, арга хэмжээнүүдээ биелүүлэн ажиллалаа. Ер нь 2020 он бидний хувьд ажил хөдөлмөр буцалсан, өгөөжтэй сайхан жил байсан. Хамт олноороо чамлахааргүй ажлууд амжуулсан гэж болно. Тухайлбал, анх удаа “Ангийн хөгжлийн хөтөлбөр”-ийг хамт олноороо хэлэлцэн боловсруулж, Хуурай замын цэргийн командлагчаар батлууллаа.

Мөн анги тайван цагийн орон тооны шинэ бүтэц, зохион байгуулалтад шилжсэнээр алба, салбаруудын гүйцэтгэх үүрэг улам тодорхой болж, үндсэн хөдөлмөр болох цэргийн сургалт бэлтгэлийн чанарт ахиц гарсан. Тодруулбал, байнгын бүрэлдэхүүний сургалт бэлтгэл чанартай зохион байгуулагдаж, үр дүнд нь манай анги өнгөрсөн жилд бэлэн байдал, цэргийн сургалт бэлтгэлийн чиглэлээр Зэвсэгт хүчний хэмжээнд зохион байгуулагдсан “Штабын бэлтгэл сургалтаар тэргүүлэгч штаб шалгаруулах бэлэн байдлын үзлэг”-т тэргүүн байр эзэлсэн. Энэ бол бидний хувьд бахдам амжилт байлаа. Нэг түүх сөхөж сонирхуулахад 2006 онд явагдсан “Бэлэн байдлын үзлэг”-т мөн манай анги тэргүүлж, тухайн үеийн захирагч, хурандаа Н.Бумцэнд автомашинаар шагнагдсан.

Бүтээн байгуулалтын маш олон ажил өрнүүлсэн юм билээ. Энэ тухайд тодруулна уу?

-Тийм ээ, чамгүй ажил өрнүүлсэн. Өнгөрсөн онд ангид хийгдсэн нэг чухал арга хэмжээ бол орон нутгийн хөрөнгө оруулалтаар ангийн штаб, цэргийн байр, 11 айлын орон сууцанд хийгдсэн их засварын ажил байлаа. Дээрх барилга байгууламжуудад иж бүрэн засвар, тохижилтын ажил хийгдсэнээр цаашид ашиглах хугацаа уртасч, мөн хамт олны ажиллаж, амьдрах ая тухтай орчин нөхцөл сайжирсан.

Үүнээс гадна манай хамт олон өөрсдийн хүчээр гэрэлтүүлэг, хяналтын системийг шинэчлэх, зам талбайг сайжруулах зэргээр тохижилт, бүтээн байгуулалтын чамгүй ажил өрнүүлж, бодит хөрсөнд буулгасныг дурдахад таатай байна.

Мөн дотооддоо зохион байгуулсан “Дээвэр” төслийн хүрээнд артиллер, зэвсгийн албадын техник хадгалах агуулахын дээврийг шинэчилж, хадгалалтын орчныг сайжруулсан. Цэргийн алба, сахилгыг бэхжүүлэх чиглэлээр албад, салбарын дунд олон аян, уралдаан тэмцээнийг тодорхой давтамжтайгаар орон нутгийн мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж, үр дүнг тооцож ажилласан. Үүний үр дүнд манай ангид албаны холбогдолтой гэмт хэрэг гараагүй бөгөөд сахилгын зөрчил дутагдлын тоо буурсан нь хамт олны минь амжилтын нэг гол үзүүлэлт болсон. Эргээд харахад энэ мэтчилэн олон ажлыг манай хамт олон өрнүүлжээ.

Та бүхний өнөө жилийн зорилго зорилт, төлөвлөгөө юунд чиглэж байна вэ?

-2021онд тус ангийн бие бүрэлдэхүүн дэвшүүлсэн зорилго, зорилтоо дүүрэн хангалттай биелүүлэхийн төлөө чармайн ажиллаж байна. Энэ хүрээнд удирдлага, төлөвлөлтийн баримт бичгүүдийг боловсруулж, цэргийн сургалт, бэлтгэлийг чанартай, тасалдалгүй зохион байгуулна. Мөн цэргийн албыг хэвшүүлэх, албаны сахилга, дэг журмыг сайжруулахад гаргасан амжилтаа ахиулах, материал, техникийн хангалт, хадгалалт хамгаалалтыг тасалдалгүй хэрэгжүүлэхэд болон удирдлагаас өгсөн үүрэг, дэвшүүлсэн зорилго, зорилтын хэрэгжилтийг хангаж ажиллана. Түүнчлэн бие бүрэлдэхүүнийхээ эрүүл мэндийг хамгаалах, тэднийг чийрэгжүүлэх, гэр бүлийн хөгжил, хамгаалалд анхаарлаа хандуулах болно.

Мэдээж аймаг, орон нутагтайгаа хамтран ажиллана. Ялангуяа энэ жил Ардын хувьсгалын 100, БХЯ-ны 110, Зэвсэгт хүчний 100, Монгол хүн сансарт ниссэний 40 гээд түүхт тэгш ойн жил тохиож байгаа учраас энэ хүрээнд Батлан хамгаалах бодлого зорилт, Зэвсэгт хүчнийхээ үйл ажиллагааг орон нутгийн ард иргэд, хүүхэд залууст сурталчлан таниулах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх чиглэлээр аймгийн удирдлага, тэр тусмаа ЗДТГ-ын Цэргийн штабтайгаа уялдаа холбоотой ажиллана.

Эх сурвалж: "Соёмбо" сонин

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 116