
Зэвсэгт хүчний 167 дугаар анги нь хугацаат цэргийн алба хаагчдадаа чиглэсэн сургалт бэлтгэлийг явуулахын зэрэгцээ чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх хүрээнд соёл хүмүүжлийн ажлуудыг зохион байгуулж байна. Өмнөговь аймгийн Төв номын сантай хамтын ажиллагааны хүрээнд номын баяжилт хийж, шинэ бүтээлүүдийг хугацаат цэргийн алба хаагчдад “Нүүдлийн номын сан”-гаар хүргэлээ. Мөн цар тахлын нөхцөл байдлын улмаас хугацаат цэргийн алба хаагчдыг ар гэрийнхэнтэй нь уулзуулах нь хязгаарлагдсантай холбогдуулан аав, ээж, анд нөхөд, гэр бүлийнхэнд нь захидал бичүүлж, гэрэл зургийнх нь хамт илгээх ажлыг зохион байгууллаа. Түүнчлэн ар гэрийнхнээс нь ирсэн хариу захидлыг ч дайчдадаа хүргэсэн юм.

Аав, ээжээс нь ирсэн хариу захидалд “Миний хүү албаа сайн хааж байна уу. Цар тахлын нөхцөл байдлын улмаас хүүгийнхээ Цэргийн тангараг өргөхийг нь харж чадаагүй ч жавхаатай цэрэг болсныг нь явуулсан гэрэл зургаас нь хараад үнэхээр их баярлаж байна. Миний хүү цэргийн алба хааснаараа амьдралд хэрэгтэй олон зүйлийг суралцаж байгаа гэдэгт итгэж байна. Албаа сайн хаагаад ирээрэй, миний хүү. Эх орны хүүд аав, ээжээс нь” гэсэн байлаа.
Дэслэгч Б.Батзаяа (Зэвсэгт хүчний 167 дугаар анги)