Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн Эмнэлгийн алба-эрүүл мэндийн төв мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөө авлаа. Тус ангийнхан 2020 онд Эмнэлгийн алба-эрүүл мэндийн төвдөө тусгай зөвшөөрөл авахын төлөө тавигдах шаардлага, стандартад нийцүүлэн нэлээдгүй олон ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд ингэснээр нэгдүгээр шатны эмнэлгийн анхан шатны тусалж үйлчилгээг бие бүрэлдэхүүндээ үзүүлэх боломжтой болж байгаа юм. Тусгай зөвшөөрөл авсантай холбогдуулан аймгийн нэгдсэн эмнэлэгтэй хамтран ажиллах санамж бичгийг 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр байгуулж, тус хамт олон урьдчилан сэргийлэх үзлэг, сургалт, мэргэжил арга зүйн чиглэлээр дэмжлэг үзүүлэхээр болсон юм.
Мөн Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалаас ирүүлсэн албан даалгаврын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Зэвсэгт хүчний 336 дугаар анги, Дорноговь аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Тус санамж бичгийн зорилго нь гэр бүлийн харилцаа, хүүхдийн хүмүүжил, төлөвшил, залуучуудын хөгжлийн чиглэлээр хамтран ажиллах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, сургалт, сурталчилгааны ажлыг төлөвлөж, хэрэгжилтийг хангахад оршиж байгаа юм.

Түүнчлэн улсын хил орчмын нутаг дэвсгэрт хилийн болон хил орчмын дэглэмийг сахиулахад хилчдэд туслах, хамтран ажиллах чиглэлийг тодорхойлох зорилгоор хил хамгаалах туслах хүчний дарга, Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал орон нутагт дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг Зэвсэгт хүчний 336 дугаар анги болон Хилийн цэргийн 0129, 0168, 0108 дугаар анги, хууль сахиулах байгууллагуудын удирдлагуудтай уулзлаа. Уулзалтаар 2020 оны ажлын хэрэгжилт, 2021 оны ажлын төлөвлөгөөнд тусгах саналыг хэлэлцсэн бөгөөд энэ үеэр Зэвсэгт хүчний 336 дугаар ангитай харилцан хамтран ажиллах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, баталгаажуулсан юм.
Дэслэгч Ч.Бодьгэрэл (Зэвсэгт хүчний 336 дугаар анги)