
Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар Зэвсэгт хүчний 110, 331, 340 дүгээр ангиудын удирдлага, бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлж, дурсамж хадгалууллаа.
УИХ-аар 2020 онд Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан Зэвсэгт хүчний бүтцэд шинээр байгуулагдсан Тусгай хүчний цэргийн командлал, Барилга-инженерийн цэргийн удирдах газарт Хуурай замын цэргийн командлалаас шилжсэн дээрх ангиудын удирдлага, хамт олонд талархал илгээснийг 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр тус командлалын Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Л.Ганбаатар нарын албаны хүмүүс Тусгай хүчний цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Гансэлэмд гардуулан өгсөн юм.

Талархал анги бүрийг гүйцэтгэсэн үүргээр нь онцолсон байх бөгөөд Зэвсэгт хүчний 110 дугаар ангийнханд гэхэд “Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний язгуур эрх ашиг, аюулгүй байдлыг батлан хамгаалах үйл хэрэгт нэгэн үзүүрт сэтгэлээр хүчин зүтгэж, Хуурай замын цэргийн хөгжил, шинэчлэлд өөрийн өнгө төрхөө үлдээж, амжилт бүтээлээрээ дархлагдсан Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн офицер, ахлагч, хугацаат албаны түрүүч, байлдагч, ажилтан албан хаагчдадаа Хуурай цэргийн нийт бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Хуурай замын цэрэг хэмээх их айлын тэргүүлэгч ангийн хамт олон Та бүхэн өнгөрсөн хугацаанд Зэвсэгт хүчний хуулиар хүлээсэн үүрэг гүйцэтгэх бэлэн байдал, чадавхыг нэмэгдүүлэх, бие бүрэлдэхүүнийхээ алба хаах ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэх зэрэг олон түүхэн ажлын эзэд болж, өдгөө эх орныхоо бүтээн байгуулалтад манлайлан оролцож байгааг цохон тэмдэглэхдээ таатай байна. Эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалагчид, бүтээн байгуулалтад хөдөлмөр бүтээлээ шингээсэн барилгачин дайчдын маань байгуулсан гавьяа, уламжлуулж үлдээж буй үнэт зүйл нь Зэвсэгт хүчин тэр дундаа Хуурай замын цэргийн үе үеийн дайчдын бахархал, үлгэр дуурайл болно гэдгийг бахдан хэлэх учиртай. Эрхэм Та бүхэнд эх орноо батлан хамгаалах, бүтээн байгуулах, Зэвсэгт хүчнээ хөгжүүлэх, их үйлсдээ улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе. Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар” гэжээ.



Бригадын генерал Л.Гансэлэм “Хуурай замын цэргийн командлалаас бусад төрлийн цэргийн командлалд шилжсэн ангиуддаа талархал дэвшүүлж байгаад нь хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлмээр байна. Үнэхээр үүсэн байгуулагдсан цагаас нь өнөөдрийн өнгө төрхөө олж, тэргүүлэгч анги, хамт олон болтол нь цэргийн захиргааны удирдлагаар бүрэн хангаж ажилласан нь Хуурай замын цэргийн командлалын гавьяа, зүтгэл юм” гээд тус ангиудын удирдлагад өмнөх замнал, мөрөөрөө илүү амжилттай ажиллахыг хүсэн ерөөсөн юм.