• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

Дэд түрүүч Г.Анаржин: ТӨВ ТАЛБАЙДАА ЦЭРГИЙН ЁСЛОЛЫН ЖАГСААЛААР АЛХАХЫГ ХҮСЭЖ БАЙНА
Нийтэлсэн: 2021-01-27 13:18:36
Үзсэн: 2687

Дэд түрүүч Г.Анаржин: ТӨВ ТАЛБАЙДАА ЦЭРГИЙН ЁСЛОЛЫН ЖАГСААЛААР АЛХАХЫГ ХҮСЭЖ БАЙНА
Нийтэлсэн: 2021-01-27 13:18:36 Үзсэн: 2687



Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч, дэд түрүүч Г.Анаржинтай ярилцлаа.

Юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Ганболдын Анаржин гэдэг. Би нийслэлийн Баянгол дүүрэгт аав, ээж, хоёр дүүгийн хамт амьдардаг. “Сити” их сургуулийн жүжигчний ангийн III дамжаанд суралцаж байгаад хугацаат цэргийн албанд татагдан ирсэн.

Цэрэгт ирсэн анхны сэтгэгдэл?

-Суралцаж байгаа мэргэжлээс маань шалтгаалсан. Жүжигчин хүн төрөл бүрийн зүйлийг өөрийн биеэр мэдэрч, ойлгосон байхаас гадна эх орноороо бахархах, эх оронч үзлийг өөртөө бий болгосон байхыг шаарддаг. Энэ утгаар нь хугацаат цэргийн албаа хаах нь миний зорилго байв. Амьдралд ч хэрэгтэй энгийн зүйлүүдээс эхлээд олон зүйлийг суралцаж байна. Бусадтай нийтэч байх, захирагдаж сурах, өглөө эрт босох, бие бялдраа хөгжүүлэх, цэргийн хэргийн эрдэмд суралцах гээд олон зүйлийг нэрлэж болно.

Цэргийн тангараг өргөх мөчид юу бодож байв?

-Хүн амьдралдаа нэг л удаа тангараг өргөнө. Тэр ч утгаараа маш их омогшсон. Харин гэр бүлийнхэндээ тангараг өргөж байгаагаа харуулж чадаагүй нь тиймхэн. Цар тахлын нөхцөл байдлаас үүдээд тэр л дээ.

Нөхөрлөлийн хүрээ их өргөн болсон байх ...

-Тийм ээ. Гэртээ байхдаа зөвхөн хувь хүнийхээ зүгээс л хариуцлагатай байсан бол цэргийн хуаранд ирээд нийтээрээ хариуцлага үүрдэг нь их таалагдсан. “Цэрэг жагсаалдаа, унага зэлэндээ” гэдэг шиг бүх зүйлийг цугтаа хийж, нэг нэгэндээ тусалж сурч байна. Миний хувьд өмнө нь “Би” гэдэг үзэл давамгайлдаг байсан. Харин одоо бол “Бид” болж, өөрчлөгдсөн. Найз нөхөд, онжавгүй нэг цаг, нэг минут ч үгүй. Бүх зүйлд хамтдаа.

Нэг талаараа цар тахлын үед Та бүхэн алба хааж байна. Энэ талаар таны бодол?

-Өнөөдрийн нөхцөл байдлыг өөрт ашигтай талаас нь хүлээж авахыг хичээж байна. Биднийг хугацаат цэргийн албандаа ирээд удаагүй байхад улс орон даяар хөл хорио тогтоож, эргэлт авах боломжгүй болсон. Хэдийгээр гадуур цар тахлын нөхцөл байдал намжихгүй байгаа ч цэргийн анги бол хамгийн аюулгүй орчин. Хариуцсан алба хаагчид нь ангид байрлаж ажиллаад, бидэнд чиглүүлсэн сургалт бэлтгэлийг явуулж байгаа болохоор энэ талын айдас харьцангуй бага. Цагийг үр ашигтай өнгөрүүлэх нь л хамгийн чухал юм.

Орчин цагийн Зэвсэгт хүчний түүхт 100 жилийн ойгоор Та алба хааж байна...?

-Манай бүх онжавууд түүхт 100 жилийн ойгоор алба хааж байгаадаа маш их баяртай байгаа. Энэ бол сайхан хувь заяа. Хэрэв цэргийн ёслолын жагсаалд оролцох боломж тохиовол бид бэлэн. Төв талбайдаа цэргийн ёслолын жагсаалаар алхах аз завшаан тохионо гэдэгт найдаж байна.

Б.Энхтуяа (Зэвсэгт хүчний 326 дугаар анги)

 

 

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 116