Цэргийн төв эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар дөрөвдүгээр сарын 1-2-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалд ажиллаж, бие бүрэлдэхүүнд урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоо хийлээ. Энэ талаар тус эмнэлгийн Мэдрэлийн клиникийн харвалтын хэсгийн ахлах эмч, ахмад Н.Золжаргалаас тодруулахад “Цэргийн төв эмнэлгээс тодорхой төлөвлөгөөний дагуу БХЯ, ЗХЖШ, Төрөл мэргэжлийн командлал, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги болон БХЯ-ны харьяа аж ахуйн нэгжүүдэд жилд 1-2 удаа урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоог тогтмол хийдэг уламжлалтай. Энэ нь аливаа өвчнийг эрт илрүүлэх, алба хаагчдын эрүүл мэнддээ анхаарч эмчлүүлэх, эрүүлжихэд чухал ач холбогдолтой.
Энэ цаг үед Цэргийн төв эмнэлгийн эмч, сувилагч, ажилтан алба хаагчид онцгой дэглэмтэйгээр ажиллаж байна. Дэлхий нийтээр тархаад байгаа короно вирусын халдварыг эмчлэх, гаднын орнуудаас ирсэн иргэдийг тусгаарлах хариуцлагатай үүргийг цэргийн эмч нар гүйцэтгэж байгааг манай салбарынхан мэднэ. Их завгүй өдрүүд л байна. Гэхдээ бид цаг наргүй их ажилтай гээд Зэвсэгт хүчнийхээ бүрэлдэхүүний эрүүл мэндийн үзлэг, оношлогоо, эмчилгээг орхигдуулж болохгүй. Нэг ч секунд орхигдуулж ч байгаагүй. Энэ утгаараа Хуурай замын цэргийн командлалд тусгай төлөвлөгөөтэйгээр 10 гаруй нарийн мэргэжлийн эмч нар хоёр өдрийн туршид ажиллалаа. Эхний өдөр шинжилгээ авч, хоёр дахь өдөр нь нарийн үзлэг, оношлогоо хийлээ. Энд нэг зүйл сайхан санагдсан нь бүрэлдэхүүний хамрагдалт маш өндөр байлаа. Генералаасаа ажилтан алба хаагч хүртлээ бүгд хамрагдаж, бидний өгсөн заавар, зөвлөмжийг ч их сайн хүлээж авч байна.
Мэдээж үзлэг, оношлогооний байдлаас харахад олонх нь эрүүл байна. Ер нь тэгээд эрүүл бүлгийн хүмүүс цэргийнхэн байдагтай ч холбоотой байх. Зэвсэгт хүчний хүрээнд ажлын онцлогоос шалтгаалан удаан хугацаагаар даарснаас болж бөөрний өвчлөл, амьдралын буруу хэв маягтай холбоотой өвчлөл буюу буруу хоололтоос үүдсэн өвчин, эмгэг байдаг. Нөгөө талаас Цэргийн төв эмнэлгээс үзлэг, оношлогоо хийснийхээ дараа тухайн байгууллагын эмч нарт “Ямар нэгэн эд эрхтэн нь өвчилсөн алба хаагч, ажилтныг эрүүлжүүлсэн байх” шаардлага тавьдаг нь сайн нөлөө үзүүлж байна” гэлээ. Төгсгөлд нь тэрээр Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалынхан хэзээнээсээ л цэргийн эмч нараа найрсагаар хүлээн авч, үзлэг, оношлогоондоо бүрэн хамрагдан, эмчлэгч эмчтэйгээ эргэх холбоотой байдаг тухай онцолж байсан юм.




