• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

Л.Алтанбаяр: БИ ЦЭРГИЙН АЛБЫГ ДУНДАРШГҮЙ ДАЛАЙ ГЭЖ ХАРДАГ
Нийтэлсэн: 2021-01-18 10:09:35
Үзсэн: 286

Л.Алтанбаяр: БИ ЦЭРГИЙН АЛБЫГ ДУНДАРШГҮЙ ДАЛАЙ ГЭЖ ХАРДАГ
Нийтэлсэн: 2021-01-18 10:09:35 Үзсэн: 286



Улс орны хэмжээний бүтээн байгуулалт бол аль ч цаг үеийн залуу үеийнхний гар, бие оролцох ёстой талбар юм хэмээн яриагаа эхлэх түүнийг Лхагва-Эрдэнэ овогтой Алтанбаяр гэдэг. Тэрээр Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн инженер сапёрын ротын инженер сапёрын салааны тасгийн захирагч. Зэвсэгт хүчний 2020 оны Тэргүүний цэргийн гэрээт алба хаагчаар шалгарсан нэгэн юм. Зэвсэгт хүчин хэмээх их айлд нэг жилийн хугацаанд 200 хол давсан цэргийн гэрээт алба хаагч алба хаадаг. Тэр олон дундаас шалгарч, тэргүүний цэргийн гэрээт алба хаагч болно гэдэг түүнээс маш олон талаараа шилдэг байхыг шаардсан нь дамжиггүй. Дуудах нэрийг эцэг эх, дуурсах алдрыг өөрөө олж авна гэдэгчлэн Монгол Улсын Зэвсэгт хүчинд “тэргүүн” хэмээн дуудах нэр хүндийн төлөөх хөдөлмөр, зүтгэлийг биеэрээ харуулж яваа түүнтэй ярилцсанаа хүргэж байна.

“Соёмбо” сонины уншигчдынхаа өмнөөс танд Зэвсэгт хүчний 2020 оны Тэргүүний цэргийн гэрээт алба хаагч болсонд баяр хүргэе. Тэргүүний цэргийн гэрээт алба хаагч болсонд хамгийн их нөлөөлсөн зүйл тань юу байв ...

-Баярлалаа. Зэвсэгт хүчний болон ангийнхаа нийт бие бүрэлдэхүүндээ шинэ оны мэндийг хүргэе. Цэргийн хүн болох бага насны мөрөөдлөө биелүүлж яваагийн зэрэгцээ Зэвсэгт хүчний шилдэг цэргийн гэрээт алба хаагч болсондоо үнэхээр их баяртай байна. Шилдэг болсон нь Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн хамт олны зааж зааварласан бүхний үр шим төдийгүй Монгол Улсын бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцсон явдал маань энэ эрхэм хүндтэй шагналын эзэн болоход нөлөөлсөн.

Бүтээн байгуулалтын ажилд ямар үүрэг гүйцэтгэж оролцсон бэ?

-Зэвсэгт хүчний 7782 дугаар ангид хуваарилагдан, хэд хэдэн ажлыг дэс дараатай гүйцэтгэсэн. Эхний ээлжинд төмөр замын бүтээн байгуулалтын зам гүүр, хоолой хийц угсрагч гэсэн албан тушаалд томилогдон 34 км төмөр замд 34 ширхэг гүүр хоолойн угсралт буюу их биеийн арматурчлал, цутгалтын хоолойг хийж гүйцэтгэсэн. Дараа нь гүүр хоолой, хийц угсрагч бүлгийн даргаар томилогдон төмөр замын дэд бүтцийн ажил, дээд үе болон дэр бетон дэвсэх ажлыг хийсэн. Энэ нь 55 км төмөр замын асфальт болон дэр бетоныг тавих зэрэг ажил юм.

Хэдий хэрийн хугацаанд дээрх ажлуудыг гүйцэтгэсэн бэ? Цаг агаар болон нөхцөл байдал тухайн үед ямар байсан бол ...

-Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар ангийнхаа зарим бие бүрэлдэхүүний хамт өнгөрсөн оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд томилогдсон. Зундаа маш халуун, хавар, намартаа их салхитай, өвөлдөө хүйтэн нөхцөлд ажилласан. Энэ нь ямар ч нөхцөлд өгөгдсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь гүйцэтгэх дадлага, туршлага болсон. Сурч мэдэх, мэргэших, өгөгдсөн үүрэг, тушаалын дагуу ажиллах нь бидний үүрэг, бас асар том хариуцлага учир ямар нэг шалтаг тоочиж хойш суух хүн тэнд нэг ч байгаагүй. Ер нь улс эх оронд өрнөж байгаа бүтээн байгуулалтын ажилд залуучууд бидний оролцоо их байдаг юм билээ. Мөн албаа хааж байх хугацаандаа тэр том ажилд оролцоно гэдэг ховор боломж юм.

Нээрээ л тийм шүү. Нууц биш бол хэдэн төгрөгийн цалин авсан бэ?

-Төмөр замын бүтээн байгуулалтын сарын цалин 2.1 сая төгрөг байсан. Үүн дээр цэргийн гэрээт албаны цалин мөн бодогдсон. Тиймээс би багагүй мөнгөн хуримтлал бүрдүүлж, үүнээсээ гэр бүлдээ тодорхой хэсгийг зориулж үлдсэнийг нь хадгалсан. Ирээдүйд өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөөтэй байна.

Оюуны хөрөнгө оруулалт хийнэ гэсэн санаа чинь их таалагдаж байна вэ?

-Би дээр хэлсэн дээ, цэргийн хүн болох нь миний багын мөрөөдөл гэж. Тиймээс анхнаасаа Зэвсэгт хүчний 029 дүгээр ангид хугацаат цэргийн алба хаасан. Хугацаат цэргийн алба хаах хугацаандаа цэргийн хүн болох зорилго маань улам батажсан. Нэг жил үнэхээр хурдан өнгөрсөн. Тиймээс үүнийхээ дараа саналаараа цэргийн гэрээт албыг хаахаар шийдсэн маань энэ. Цэргийн анги миний байх ёстой газар, цэргийн алба миний хаах ёстой алба юм билээ. Бүх зүйл нь дотно санагдахын зэрэгцээ албандаа улам илүү дурлаж цэргийн эрдэмд шамдан суралцаж байна. Цэргийн гэрээт албаа хаачхаад би офицер болно гэж бодож байгаа.

Цэргийн гэрээт албанд ирээд их олон зүйлд суралцжээ. Энэ бүхэнд суралцахын суурь нь юу байв гэж харж байна вэ?

-Цэргийн гэрээт албанд орсноор амьдралд минь томоохон өөрчлөлт гарсан. Тухайлбал, тэсвэр тэвчээр, хатуужил, дэг журамтай болохын зэрэгцээ хувийн зохион байгуулалттай ажиллаж сурсан. Мөн үүний цаана гарвал юу байгаа бол гэсэн суралцах хүсэл тэмүүлэлтэй болсондоо их олзуурхдаг. Би цэргийн албыг дундаршгүй далай гэж хардаг. Хичээж, өөрийгөө дайчилж чадвал эндээс сурах зүйл үнэхээр их. Анх энэ ангид ирэхэд манай ангийн захирагч “Гэрээт цэрэг гэрэлтэй алба шүү” гэж хэлж байсан. Тухайн үед нэг их ойлгоогүй. Харин одоо тэр хэлсэн үгийн үнэнийг үнэхээр мэдэрч байна.

Алба хааж байгаа анги тань юугаараа таны сэтгэлийг татдаг вэ?

-Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 014 дүгээр анги маань Инженерийн цэргийн тусгай хороо гэх нэрээр алдар нь түгсэн байдаг юм билээ. Энэ ангид алба хааж байгаадаа маш их баяртай байдаг. Мөн манай анги Монгол Улсын энх цагийн бүтээн байгуулалтад бусад нэгтгэл, ангиудтай хамтран асар том дэмжлэг үзүүлж байна. Ажлыг хийж бүтээх туршлагатай, нэгдэж ажиллаж чаддаг, ирээдүйгээ харж, төлөвлөж чаддаг, маш сайн бие бүрэлдэхүүнтэй анги. Ямар азаар энэ ангид цэргийн гэрээт алба хааж байгаа юм бэ гэж нэг биш удаа бодож байсан.

Цэргийн гэрээт алба танд ямар боломж олгох вэ

Дэлхийн жишигт цэргийн алба хаахыг үүрэг болгосон, сонголт болгосон гэсэн хоёр үндсэн хувилбар үйлчилдэг. Монгол Улсын иргэний хувьд цэргийн алба хаах нь эрчүүдийн үүрэг бөгөөд заавал хаахаар хуульчилсан.

Манай улсын хувьд цэргийн гэрээт албыг байлдагч, түрүүчээр хаах хугацаа 24 сар. Гэрээний хугацааг хоёр жилээр 31 нас хүртэл сунгаж болдог. Мөн иргэн цэргийн байгууллагад шаардлагатай мэргэжил, албан тушаалд ахлагч, офицероор тав хүртэл жилийн хугацаагаар цэргийн гэрээт алба хааж болдог.

Цэргийн гэрээт алба хаагчийн цалин нь үндсэн цалин, цэргийн цолны цалин, онцгой нөхцөл, цэргийн мэргэжлийн зэрэг, хилийн болон хууль тогтоомжид заасан бусад нэмэгдлээс бүрддэг. Ойролцоогоор 350–400 мянган төгрөгийн цалинтай, нэг ёсондоо ажлын байраар хангагдаж байна гэсэн үг.

Цэргийн гэрээт албаны байлдагч, түрүүчийн алба хаасан хугацааг иргэний нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд оруулж тооцдог. Цэргийн гэрээт албаны ахлагч, офицерын алба хаах хугацаанд иргэний нийгмийн даатгалын шимтгэлийг төр хариуцдаг.

Монгол Улсын Зэвсэгт хүчинд алба хааж байгаа цэргийн гэрээт албаны байлдагчид бүтээн байгуулалтын ажилд оролцож болно. Өнгөрсөн 2020 онд хийгдсэн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд 400 гаруй цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагч оролцож, тус бүр 8-13 сая орчим төгрөгийн хуримтлалтай болсон юм.

Эх сурвалж: "Соёмбо" сонин, хошууч Д.ОЮУНГЭРЭЛ

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 116