• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

Б.Амгаланбаатар: ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГУУЛЖ, САХИЛГА, ХАРИУЦЛАГЫГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ ЧУХАЛ
Нийтэлсэн: 2021-01-18 10:06:28
Үзсэн: 213

Б.Амгаланбаатар: ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГУУЛЖ, САХИЛГА, ХАРИУЦЛАГЫГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ ЧУХАЛ
Нийтэлсэн: 2021-01-18 10:06:28 Үзсэн: 213



Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар:

2021 онд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал ямар зорилго, зорилтыг дэвшүүлсэн бэ?

-Энэ түүхэн жилд бид маш завгүй хөдөлмөрлөж, тодорхой амжилтуудыг гаргасан байх учиртай. Ялангуяа, цэргийн сургалт бэлтгэлт, бэлэн байдал, бие бүрэлдэхүүний бие бялдар, эрүүл мэнд, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, цэргийн алба хаагчдаа олон нийтэд сурталчлах гээд их ажил биднийг хүлээж байна. Өнгөрөгч 2020 он улс орны батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэх, Зэвсэгт хүчний шинэчлэлийг эрчимжүүлэх, хууль, эрх зүйн орчноо төгөлдөржүүлэх, бүтээн байгуулах зэрэг олон амжилт дагуулсан жил байлаа. Хуурай замын цэрэг нь цаг үеийн шаардлагаар дэвшигдэн гарч байгаа олон чухал зорилтуудыг хангах, мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг төлөвшүүлэх, цэргийн захиргааны удирдлагыг хангах, Зэвсэгт хүчний хуулиар хүлээсэн үүрэг гүйцэтгэх бэлэн байдал, чадавхыг нэмэгдүүлэх зэрэг зорилтуудыг шийдвэрлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлсэн он жил байлаа.

Хэдийгээр цар тахлын улмаас шалтгаалан амаргүй нөхцөл байдалд үйл ажиллагаагаа явуулсан хэдий ч ЗХЖШ-аас зохион байгуулсан "Штабын бэлтгэлээр тэргүүлэгч анги" шалгаруулах үзлэгт нэгтгэл, ангиуд амжилттай шалгуулан, Монгол Улс, ОХУ-ын хамтарсан байлдааны буудлагатай “Сэлэнгэ” тактикийн хээрийн сургуулийг анх удаа улс бүр өөр өөрийн нутагт, команд штабын сургуулийг ОХУ-ын нутагт хамтран зохион байгуулж, Хуурай замын цэргийн гадаад харилцааг өргөжүүлэх үүднээс дэлхийн хэд хэдэн орны ижил чиг үүргийн байгууллагатай цахимаар харилцаж хамтын ажиллагааныхаа чиглэлүүдээ тодорхойлж тодотголоо. Хуурай замын цэргийн бие бүрэлдэхүүний алба хаах ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилготой олон арван бүтээн байгуулалтын ажил нэгтгэл, ангиудад хэрэгжиж амжилт бүтээл арвин байлаа. 2021 онд Хуурай замын цэргийн хэмжээнд Цэргийн захиргааны удирдлагыг тасралтгүй хэрэгжүүлж, Хуурай замын цэргийн үүрэг гүйцэтгэх чадавх, бэлэн байдлыг хангах үндсэн зорилгыг дэвшүүлэн ажиллаж байна.

Онцлог ажил, арга хэмжээний тухайд ...

-Хуурай замын цэргийн удирдлага, төлөвлөлтийн баримт бичгүүдийг боловсруулж, хэрэгжүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, нэгтгэл, ангиудын бэлэн байдлыг дээшлүүлэх, үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлж, харилцан ажиллагааг бэхжүүлэх, цэргийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган цэргийн алба, сахилга, дэг журмыг бэхжүүлэх, цэргийн хотхоны стандартын дагуу нэгтгэл, ангиудыг бүсчилэн хөгжүүлэх гээд нэрлэж болно. Тэр дундаас онцлон дурдвал АНУ-ын Энэтхэг, Номхон далайн Хуурай замын цэргийн командлалтай хамтарсан сургалт, дадлага, “Сургалтын төв” төслийг ирэх 3 дугаар сараас хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Он гарснаас хойш баримт бичгийг боловсронгуй болгох ажил нэлээд эрчтэй явагдаж байна.

Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөсөн ажлуудынхаа талаар мэдээлэл өгнө үү?

-ЗХЖШ-аас баталсан “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тохиолдуулан хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг үндэслэн Хуурай замын цэргийн командлал, нэгтгэл ангиудын төлөвлөгөө гарч, эхнээсээ цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан хэрэгжүүлж эхлээд байна. “Зэвсэгт хүчний Хуурай замын цэрэг-100 жил” эрдэм шинжилгээ, онолын бага хурал, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагчийн нэрэмжит “Тактикийн олимпиад”-ыг зохион байгуулж, “Зэвсэгт хүчний Хуурай замын цэрэг” гэрэл зургийн цомог, “Артиллерийн цэрэг-100 жил” ном, гэрэл зургийн цомог бүтээх, зарим зэвсэглэл, техникийг сэргээн сайжруулах төслийг тус тус хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Цар тахлын нөхцөл даамжрах төлөвтэй байна гэж мэргэжлийн байгууллагууд дүгнэж байгаа энэ үед сургалт бэлтгэл болон цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг хэрхэн зохион байгуулах вэ?

-Энэ үе ихээхэн амаргүй бөгөөд сахилга, хариуцлагыг бүх түвшиндээ шаардсан цаг хугацаа. Цар тахлаас урьдчилан сэргийлэх бүх ажил, арга хэмжээг Хуурай замын цэргийн хүрээнд хэрэгжүүлж байна. Улсын онцгой комисс, ЭМЯ болон БХЯ, ЗХЖШ, ХЗЦК-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмжийг нэгтгэл, ангиуддаа хүргүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна. Нэгтгэл, ангиудын бэлэн байдал, цэргийн алба, сургалт бэлтгэлийг цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан тасралтгүй явуулах талаар ч анхаарч байна. Цар тахлын энэ үед цахимыг ашиглахад ахиц гарч, хэрэглэж хэвшээд сурчихлаа. Хугацаат цэргийн алба хаагчдын сургалтыг төлөвлөгөөний дагуу явуулж, нэгтгэл, ангиудын байнгын бүрэлдэхүүний сургалтыг цахимаар зохион байгуулж байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх талаар хэрхэн ажиллах вэ?

-Бидний хувьд нэгтгэл, ангиуддаа өдрийн талх шигээ сануулж, үүрэгддэг асуудал л даа. Энэ онд Хуурай замын цэргийн хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулж, сахилга, хариуцлагыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллана. Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга ч аюулгүй байдал, сахилга, хариуцлагатай холбоотой асуудал гаргахгүй байхыг үүрэг болгож байгаа.

Эх сурвалж: "Соёмбо" сонин

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 116