
Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн хугацаат цэргийн алба хаагч О.Болдсансар. Тэрээр шинэ оны босгон дээр Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийнхэн дайчдынхаа дунд гар зураг болон шүлгийн уралдааныг зохион явуулахад зургийн төрөлд 15 хугацаат цэргийн алба хаагчаас олон төрлийн хөрөг зураг зурж тэргүүлжээ.
Өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг байлдагч Отгон овогтой Болдсансар гэдэг. Ам бүл долуулаа. Аав ээж, ах, хоёр эгч, дүүтэйгээ амьдардаг. Ханхонгор суманд 12 дугаар анги төгссөн. Ханхонгор сумын Ерөнхий боловсролын дунд сургууль маань мэргэжлийн сургалттай сургууль бөгөөд би тэнд таван жил уран зургийн ангид сурсан. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд СУИС-д монгол зургийн ангид элсэн орж, нэг жил суралцаад хувийн шалтгаанаар сургуулиа орхисон. Нутгаасаа цэргийн албанд татагдаж ирсэн.
Цэргийн алба хаах санал өөрийнх тань байв уу?
-Цэргийн албанд өөрийнхөө хүслээр ирсэн. Цэргийн алба хаагаад ирсэн нутгийн ах нар цаанаа л нэг өөр харагдаад байсан учир сэтгэл хоёрдолгүй шийдвэрээ гаргасан.Энэ сонголтыг хийсэн нь миний энэ насандаа хийсэн хамгийн зөв алхам байжээ гэж одоо бодож байгаа.
Энд ирээд олон зүйлд суралцаж байгаа биз ...
-Цэргийн алба ямар байдаг бол гэж их боддог байлаа. Гэтэл энд ирсэн эхний өдрөөсөө л суралцаж эхэлсэн. Амьдралын ухаанд илүү суралцаж байна гэж хэлж болно. Тухайлбал, тэвчээр хатуужил, авхаалж самбаа, нягт нямбай байдал гээд олон зүйлийг нэрлэж болно. Түүнчлэн цэргийн байраа цэвэрлээд, өөрийн ариун цэврийг илүү сайн сахих, өмсөж байгаа хувцсаа цэвэр цэмцгэр өмсөж эдэлж, найз нөхөдтэйгөө зөв харьцаж сурч байна. Мөн олон найз нөхөдтэй боллоо. Эдгээр нь миний амьдралд ихээхэн нөлөөлөх эрдмүүд юм. Цэргийн алба хаах насны, зарлан дуудах хуудас хүлээн авч байгаа залуусыгаа эргэлзэлгүй албаа хаагаарай л гэж хэлье.
Цэргийн албанд ирэхээсээ өмнө юу хийдэг байв?
-Өмнөговь аймагтаа ахтайгаа нийлж барилгын ажил хийдэг байсан.
Чөлөөт цагаараа юу хийж байна вэ?
-Чөлөөт цагаараа ном уншиж, бие бялдраа хөгжүүлж турник дээр дасгал хийж, хааяа кино үздэг. Соёл хүмүүжлийн зааварлагч нарынхаа төлөвлөгөөний дагуу зохион байгуулж байгаа соёл, олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог.
Шинэ оны босгон дээр ангидаа зохион байгуулагдсан зургийн уралдаанд тэргүүлсэн гэсэн?
-Багаасаа зураг зурах сонирхолтой байсан бөгөөд хоёрдугаар ангиасаа анх зураг зурж эхэлсэн. Наймдугаар ангиасаа Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Ерөнхий боловсролын сургуулийн зургийн дугуйланд орсноор зураг зурах техникт суралцаж эхэлсэн. Гэвч их сургуулиа орхисноор зураг зурахаа бүр больсон байлаа. Харин манай ангид зургийн тэмцээн зохион байгуулагдсанаар зургаа ахиж зурах болсон. Тэгээд бүр тэргүүн байр эзэлсэндээ маш их баяртай байна. Цаашид чөлөөт цагаараа зургаа үргэлжлүүлэн зурна.

Ямар төрлөөр зургаа зурдаг вэ?
-Ерөнхийдөө хөрөг зураг, бурхан зурах сонирхолтой. Хөрөг зургийн хувьд хичээл заалгаж байгаагүй ч өөрийнхөө сонирхлоор зурдаг юм. Хараад л зурмаар санагдсан, гэнэт санаанд буусан зургаа цаасан дээр хурдан буулгах дуртай. Жишээлбэл, дэлхий дээр байхгүй сонин зүйлийг илэрхийлж гаргаж ирдэг гэх ч юм уу. Төсөөллийн зүйлийг бодит мэт цаасан дээр буулгах таатай байдаг. Өөрийн толгойд орж ирсэн зүйлээ илэрхийлээд зураад байх нь миний хувьд тайвшрал болдог.
Бурхны зураг зурахад анхаарах зүйл байдаг уу?
-СУИС-д нэг жил суралцахдаа монгол зургийн ангид суралцаж байсан. Монгол зургийн төрөлд нь бурхны зураг ордог юм. Бурхны зураг нь тухайн бурхнаа яг таг зөв зурах ёстой бөгөөд юу ч орхиж болохгүй. Мөн өнгийг хамгийн их анхаарах ёстой бөгөөд нарийхан зураас маш их байдаг. Түүнийг маш чамбай зурахад анхаарах хэрэгтэй. Нарийн ажиллагаа ихтэй хамгийн хэцүү төрөл. Ийм ч учраас өөрийгөө сорих үүднээс бурхан зурдаг.

Урын санд чинь хэчнээн зураг байдаг вэ?
-Олон зураг байхгүй ээ, ойролцоогоор 300 орчим зураг зурсан байх. Багаасаа зурж байсан хэдий ч хадгалж, тоолж байгаагүй.
Зураг зурахад анхаарвал зохих зүйлс байдаг уу?
-Зураг зурахдаа эхлээд хамгийн түрүүнд яг юу зурах гэж байгаагаа маш сайн эргэцүүлж бодох хэрэгтэй. Харж зурах, дүрсэлж зурах нь ажиллагааны хувьд өөр өөр байдаг. Харж зурах нь арай хялбар гэсэн үг. Харин дүрсэлж зурахад арай өөр. Өөрийнхөө бодсон зүйлээ цаасан дээр буулгана, бодит болгоно гэдэг чинь ур чадвар. Мөн зураг зурахад орчин маш чухал. Ямар нэгэн юмнаас мэдээлэл олж авч, түүнийгээ ургуулан бодож баяжуулж чадвал илүү баялаг, бодит зураг болдог. Миний хувьд өглөө эрт, гэгээлэг орчинд чихэвч зүүж зураг зурах дуртай. Ихэвчлэн ганцаараа байхдаа зургаа зурдаг.
Гэрийнхнээс нь зурдаг хүн бий юу?
-Манай гэрийнхэн бүгд гарын дүйтэй. Ах маань их сайхан зураг зурдаг байсан. Мөн манай ээжийн аав нутагтаа алдартай мужаан, зураг зурдаг хүн байсан гэдэг. Тиймээс бид ээжийн талаас зураг зурах авьяасыг өвлөсөн гэж боддог юм.
Шинэ он гараад удаагүй байна. 2021 оныхоо зорилгоос сонирхуулахгүй юу?
-Нэгтгэлийнхээ нийт хамт олонд болон аав ээж, хамаатан садандаа айлчлан ирж байгаа 2021 оны мэнд хүргэе. Нэгтгэлийн хамт олонтойгоо илүү их зүйлд суралцаж, тэрхүү сурсан мэдсэн зүйлээ амьдралдаа хэрэгжүүлж эх орон, нутаг ус, ээж аавдаа хэрэгтэй иргэн хүү нь болж очно гэсэн зорилгыг өөртөө тавиад байна.
Эх сурвалж: "Соёмбо" сонин, хошууч Д.ОЮУНГЭРЭЛ